24 Dec 2009

Тэр


Тэр

Өөлөх аргагүй ялдам гүнжээс
Өвдөг сөгдөн хайр гуйв ... Уучлаарай


Тэр

Нум агссан тэнгэрийн элчээс
Нулимс дуслуулан хэрүүл гуйв... Уучлаарай


Тэр

Энэлэлийн далайд хөл алдаж
Эрлэгээс зуурдын үхэл гуйв ...Уучлаарай


Үг гарахгүй хоолойд нь тээглэж
Үйл олдохгүй орондоо бэтгэрэв
Өөрийнхөө заяагүйд гунин гансарч
Өчигдөрийн хариуг бодон бодон нулимс унагав ...


2009.12.12

3 Dec 2009

Бэлдэж бай


Зүрхэндээ надад зай бэлд
Зүүдэндээ намайг олж хар
Уруул чинь одоо өөр хүнийх байлаа ч
Уулзахдаа чи надруу инээмсэглэ

Сэтгэлдээ надад зай бэлд
Сэмхэн дотроо намайг хүлээ
Одоо чи өөр хүнтэй байлаа ч
Орон дотроо намайг мөрөөд

Хэзээ нэгэн цагт бид учирч
Хэн хэнээ чангаар тэвэрнэ
Хаа нэгтээ бид тааралдаж
Халуу дүүгтэл удаанаар үнсэлцэнэ

2009.12.03 20:52 Токио гэртээ Энхбаяр

24 Nov 2009

Дэрчийлээ



Хүйтэн байна
Өрөө минь хүйтэн байна
Хямдхан байсан
Өргөө минь хямдхан байсан
Токёод арван таван хэм
Нэмэх
Толгойдох чих арван таван хэм
Хасах

Хүйтэн дээрээсээ бороо орж
Хүний үр энд дэрчийх нь
Токёод арван таван хэм
нэмэх
Толгойдох чих хорин таван хэм
Хасах

Чингисийн удам хасарын ач
Чийрэг монгол японд хөлдөж
Дэвэн дэлхийгээр онигоо болоод яахав
Данбоогоо асаая доо

Enkhbayar

Үгүй шүү


Хорь гартлаа ганцаар явсан
Хонгор насаа ганцаар туулсан
Хоёрын оронд нэгээрээ хөрвөөсөн
Хосын өрөөнд нэгээрээ дуулсан

Ганцаараа байхад
Галсансүхээс толь ичэхгүй
Нэгээрээ байхад
Надаас нар зугтаахгүй

Хүслээ хангах гэж
Хүний охинтой үерхэхгүй
Дураа дарах гэж
Дусал ч магтаал унагахгүй

Хайргүй байж
Хамт унтахгүй
Сэтгэлгүй байж
Секс хийхгүй

Ганцаараа байхад ч
Гадаа шувуу жиргэнэ
Нэгээрээ байсан ч
Нэжгээд жаргал олдоно

2009.11.24 гэртээ Энхбаяр

29 Oct 2009

Замбуулин


Газар дэлхийг чичрүүлэх боргиотой
Ган төмрийг нугалах эрчлээтэй
Урсмал нуурны уснаас нь амсав
Уруулд минь харин гуниг мэдрэгдэв

Гол мөрөн гэж би андуурчээ
Гоо үзэсгэлэн гэж би эндүүрчээ
Алгаараа утгаж амандаа хүргэсэн минь
Алагхан замбуулингаас бөмбөрсөн нулимс ажээ

Түмэн зовлонгоос би багахан амтлаад
Түгдрэн балмагдаж хэсэг суув
Сая шаналалаас би өчүүхэн хүртээд
Санаа алдаж бодол бодов ....

Бодол бодон суухад минь
Болор мөнгөн туяа цацруулсан хөгжим сонстов
Санаа алдан суухад минь
Солонгын долоон өнгөт гайхамшигт хөгжим цуурайтав

Гэрэл цацруулсан тэр хөгжим харин
Гэрэлт хорвоогийн инээд байж
Өнгө өнгийн гэрэл цацруулсан тэр хөгжим харин
Өнөөх замбуулингийн инээд байж ...

2009.10.29

20 Oct 2009

Ялаа


Ялаа
Дэмийрсэн бүдүүн ялаа
Дэлхийгээр нэг орилов
Дэрвэгэр хоёр дэлбээ минь
Дэрсхийн нистэл бархирав

Галзуурсан тарган ялаа
Гайхуулан чангаар бархирав
Галтогоо коридор том өрөөгөөр
Ганганан хангинаж бүргэд адил дүүлэв

Байн байн намайг оролдож
Басаж ихээр доромжлов
Үе үе намайг ирвэгнүүлж
Үнэхээр аргыг минь барав

Хайрт минь асан бол
Хариуд нь би гижигдэхсэн
Анд минь асан бол
Андаж байгаад хариуг нь барихсан

Үмхий муу ялаатай юу ярихав
Өөрийнхөө хэмжээг мэдэж
Үх чи ингээд МАЙ !

15 Oct 2009

Би дуртай


Би дуртай

Өглөө бүр би нарыг харах дуртай
Өдөн дэрэн дээрээсээ цонхруу ширтэх дуртай
Наран яг адилхан гийх ч өнөөдөр бол өөр
Намайг яг адилхан ээх ч өнөөдөр бүр ч таатай

Өдөр бүр би тэнгэрийг ширтэх дуртай
Үүлэн доогуур дүүлэн нисэх шувуудыг ажих дуртай
Тэнгэр үргэлж хувирч олон янз болох ч
Тэндээ л жигүүртэн шувууд илүү эрх чөлөөтэй

Орой бүр би оддыг харах дуртай
Онцгой гэрэлтэх нэгэнтэй нь бодлоороо ярилцах дуртай
Одод хааяа үүлэн цаагуур орж надаас нуугдахад
Олон мянгаараа нь гялалздаг Монголоо нь би санан гансрах дуртай

Шөнө бүр би хайртай хүмүүстэйгээ уулзах дуртай
Шүлэг нойрон дахь драмын гол дүрд тоглох дуртай
Найруулагч нь хэн гэдгийг би огтхон ч мэдэхгүй ч
Намайг өнөөдөр Ромео болгооч гэж орон дотроо нууцхан хүсэх дуртай

Өглөө бүр би нарыг харах дуртай

2009.10.15 10 цаг 10 мин Энхбаяр

13 Oct 2009

Орондоо


Орондоо

Орон дотроо би байна
Одоо яг л унтах гэж байна
Уянгын зөөлөн аялгууг би сонсонгоо
Ургуулан бодно гэнэтийн учралыг

Хөнжил дотроо би байна
Хөөрхөн дүү нараа бодож байна
Нүдээ аниад л дүү нараа хархаар
Нүүр минь инээмсэглэлээр дүүрэх юм

Шөнө юу зүүдлэхээ би мэдэхгүй
Шүлэг нойронд хэн айлчлахыг би таахгүй
Бодолд минь одоо сайхан зүйлс л урсана
Болдогсон бол шөнө энийгээ зүүдлээсэй

2009.10.13 22цаг 23 мин орондоо, Энхбаяр

10 Oct 2009

Гитар минь


Гитар минь

Тэнгэр бүүдийж бороо шаагисан
Тэнгис цалгилж шуурга шуугисан
Хөшгөө нээгээд л гунигт автах гаслант өдөр
Хөнжил дотроо би банзан гитараа бариад
Хөгжилтэй нь аргагүй дуу аялна

Наран мандаж дулаахнаар инээсэн
Навчис цэцэглэж сэтгэл сэргэсэн
Өглөө босоод л эрч хүчээр халгих өдөр
Өрөөнийхөө буланд гитартайгаа цуг
Өнгөрсөн явдлаа эргэн санан ганихарна

Гитар минь чи улам намуухан дуугарч
Гэгэлзэх сэтгэлийг минь улам бүр донслуул
Гитар минь чи улам уянгалаг исгэрч
Гэрээ санасан надтай хором ч гэсэн хань бол

Гитар минь

2009.10.10 18:23 гэртээ

3 Oct 2009

Элэнц өвөөдөө бичсэн захидал


Элэнц өвөөдөө бичсэн захидал

Тал дүүрэн адууныхаа урдхан
Танан цагаан гэрийнхээ хажуухан
Өвдөг дээрээ гараа тавьлаад
Өөдөөс дулаахан ширтсэн
Өвөг эцэг таньдаа хүү нь
Өр зүрхний халуун угаас
Үзэг цаас нийлүүлэн захиа бичиж сууна
Бурхны оронд ч та минь
Бусдын адил зүгээр суухгүй
Дээд тэнгэрийн түшмэл болоод
Дэндүү завгүй байна гэж би зүүдэллээ
Амгалангийн оронд ч та минь
Алгуур дэмий үл хэвтэж
Ариун тэнгэрийн мянган хүлгийн сурыг
Амрах завгүй элдэн байна гэж зүүдэллээ
Мөхөс хүү чинь
Мөөмнөөс гарах гэж арван есэн жилийг
Мөн ч их танхил өнгөрөөжээ
Муу хүү чинь
Мундаг эр хүн боллоо хорин хоёр нас гэж бархираад
Мунхаг үйлдлийг олон удаа давтжээ
Ажил ч хичээнгүй занг тань би мэдэх ч
Ашиггүйгээр цагийг олонтоо өнгөрөөжээ
Үүнийг хэлэхдээ хүү нь ичэж байна
Үүнээс цааш хичээнээ...
Үгэндээ байхгүй бол та минь
Үе үе зүүдэнд минь ирж хонгон дээр минь алгадаарай

2009.10.03 гэртээ Токио

Зулзаганууддаа


Айл гэрт хүн нэмэгдэх нь
Алтнаас илүү жаргал билээ
Анир чимээгүй суун зурагт харсан
Амьдралын ердийн орчилийг эвдэж
Ангаахай бялзуухай шиг таван дүү минь
Ар араасаа цувран бидэндээ иржээ
Хамгийн бага нь болж дураар эрхэлсэн
Харцаараа бүгдийг эмээлгэсэн намайгаа
Ах болгож та нар минь ичээсэн
Агаа гэж та нар л намайг дуудсан
Хайртай хайртай гэж шулганалдаад
Хамраа үрчийлгэдэг дүү нар минь
Харь улсад агаа нь сурч буй болхоор
Хацрыг нь үнэрлэж өдөр бүр тоглож чадахгүйд уучлаарай
Тэнгис дахь нэгэн завийг ээж аав чинь гэвэл
Тэрийг хөдөлгөх сэлүүр нь та нар юм шүү
Тээр тэнд гэрэлтэх та нарын аз жаргалруу
Тэвчээр заан өдөр шөнөгүй сэлүүрдэдгийг нь бүү мартаарай
Эмээ өвөөдөө инээд бэлэглэгч
Ээж аавдаа эрч хүч хайрлагч та нар минь
Эрүүл энх өсөж бойжоод
Эх орондоо хэрэгтэй хүмүүн болоорой

2009.10.03 Токио гэртээ,Хосоо-г сагс тоглохоор явсан хойгуур бичив.

30 Sept 2009

Бага эгчдээ


Эртний нэгэн шүлгээ бага зэрэг засаж тавьлаа...



Хорвоо надад хайрлаж эрхэлж ,хамгаалж,сонсож яв хэмээн гурван эрдэнэ заяасан билээ.
Самдан Энхбаяр


Хорвоо надад сонсож яв хэмээн заяасан
Хонгор гурван эрдэнийн минь нэг
Сувдан сондор мэт сайхан эгч минь
Сураг чагнан наддаа санаа зовон сууна уу

Хайраас тань гарсан хатуу үгсийг
Хамгаас хэрэггүй хэмээн мулгуйттдаг байлаа
Харин одоо таны минь хэлсэн угс
Хайрт Дэлдэн Баагийд чинь алт мэт санагднам

Хорвоо надад эрхэл хэмээн заяасан
Хонгор гурван эрдэнийн минь нэг
Шижир алт мэт бага эгч минь
Ширхэг ширхэгээр цасан будрах мэт дуу аяланхан байна уу

Хатгаж байна гэж танд ярдаглаад
Хамт унтахаас зугтаадаг байсан ч
Хаврын хахир аянгат шөнөөр
Хайртай эгчийгээ үгүйлэн ганцаар орондоо хөрвөөн байнам

Хорвоо надад хамгаалж яв хэмээн заяасан
Хонгор гурван эрдэнийн минь нэг
Бадмаараг эрдэнэ мэт сайхан эгч минь
Бадаг бадгаар нутгаа санагалзан шүлэг тэрлэн сууна уу

Хажууд тань байж нөмөр болохыг дүү нь хүснэ
Дэргэд тань байж дэм болохыг дүү нь хүснэ
Хэрэв зээ таныг минь хэн нэгэн гомдоох аваас
Хэн ч байсан дүү нь өршөөхгүй
Хэзээ нэгэн цагт хариугий нь барьна

Энэ үг том хоёр эрдэнэд минь ч хамаатай болохыг
Эрх бяцхан дүү чинь тангараглая
Эмээлээсээ нь өндөр морь гэж үгүй
Эгч нараасаа ачтай дүү гэж үгүйг санаж явна
Энхбаяр
Токио,8 сарын 2 ,18:30мин



Хэрэв цонхоор үлээх зөөлөн салхи
Хэзээ нэгэн цагт чамд хүрэх бол
Хэцүү бэрх замыг туулан очих бол
Хэнд ч хэлээгүй тэр л үгийг түүнд дайя ......

2009.09.30

28 Sept 2009

Тай-нууд


Тай-нууд

Долгиолох голын намуухан эгшиглэн
Долоон өнгийн солонготой
Дотны хүний энгүүхэн яриа
Долоон үедээ дуурсгалтай

Хөдөө талын онгон салхи
Хөгжим адил сонсголонтой
Хөөрхөн охидын цангинасан инээд
Хөндүүр зүрхэнд баясгалантай

Өтгөн ойн сувдан исгэрээ
Өнчин бодолд ноёлоостой
Өөртөө хаягласан дурлалын шуудан минь
Өргөс адил зовиуртай

2009.09.28 номын санд Энхбаяр

27 Sept 2009

Бүү ич


Бүү ич


Дэргэд чинь яг одоо ээж чинь байвал
Дэндүү их хайртай гээд хацар дээр нь үнс
Ухаангүй хайртайг ээж чинь мэдэх ч
Улам их баярланаа хайртай гэж хэлээрэй

Хажууд чинь одоо аав чинь байвал
Хамгаас хайртай гээд зөөлөн тэвэр
Хязгааргүй хайртайг аав чинь мэдэх ч
Хэлэх бүрт чинь улам бүр залуужнаа

Хоёр бурхан чинь хорвоо дээр байвал
Хожимдолгүй шуудхан хэл хайртай гэж
Хэл эвлэж амнаас гарахгүй шалтгааныг
Хэлээд аль чи чадах уу

Амьддаа нь бие биенээ хайрла гэж ухаантан хэлсэн
Амьддаа хайртайгаа илэрхийлэхээсээ бүү ичээ гэж би нэмэрлэе

Аяа бидний залуус ичих зүйлээсээ ичдэг билүү
Адын авир гаргаж муухай харьцахаас зугтаадаг билүү
Сунаж мөргөхөөс огтхон ч ичдэггүй нь хэд билээ
Шуудхан буруугаа хүлээдэг нь хэд билээ
Хайраа шуудхан илэрхийлдэг нь хэд билээ
Хамт байхдаа хайрлаж чаддаг нь ч хэд билээ.. Монголруу залгая даа

2009.09.27 Enkhbayar

26 Sept 2009

Шөнө дунд тэрлэсэн нь


Шөнө дунд тэрлэсэн нь

Эрээн болсон зузаан ноорогноос
Энгийн таталсан үгс тодров
Эртний гэнэхэн дурсамж дундаас
Энхрий түүний царай гэрэлтэв
Харц чинь надруу сум харваагүй
Харин оронд нь гранат шидсэн
Нүд чинь зүрхэнд минь сум зоогоогүй
Нүцгэн цээжин дээр минь мина дэлбэлсэн
Бас болоогүй ээ чи ханаагүй
Бага багаар өөртөө намайг дасгасан
Тэгээд зогсоогүй ээ чи орхиогүй
Тэвэрч үнсээд намайг тамд унагасан ....

2009.09.25 Токио гэртээ Цамхаад Энхбаяр

Шүлэг


Шүлэг

Шүлэггүйгээр би амьдарч чадахгүй
Шөнө унтаж өдөр ажиллаж чадахгүй
Эсрэгээр нь ч би хийж чадахгүй
Энэ үзэг дэвтэргүй бол би амьдарч чадахгүй
Өөр хэн ч ойлгохгүй
Өдрийн тэмдэглэл минь
Өрөөлд уншуулж таашаал аваагүй
Өнгөрснийг өгүүлэгч толь минь
Зуун дамнасан найрагчдыг чи л би болгож
Эрин хэсэн тэдний бодлыг чи л тэтгэдэг
Яах гэж бичдэгээ мэддэг хүн байна уу
Яагаад тэрлэдэгээ ухаардаг хүн бий болов уу
Энгийн яриаг хүн сонсдоггүй
Элдвийн яриаг хүн хайхардаггүй
Уншаад сэтгэл хөдөлдөг болхоор уу
Уулзаад сэрэл сэргээдэг учраас уу

2009.08.05 Токио-УБ -н онгоцонд Цамхаад Энхбаяр

13 Jul 2009

Ижийгээн тэврэхсэн


Хар дархад минь үнсэж сэрээдэг ижий минь
Халуурч бүлээрхэд минь усаараан эдгээдэг бурхан минь
Хүү нь таньдаан зөөлөн тэврүүлээд үнсүүлэхийг
Хүү нь таныгаан зөөлөн тэврээд үнэрийг тань мэдэрхийг ямар их хүснэ вэ ...

Бүүвэйн дуу аялсаар ижий минь
Бүхэл шөнөжин дэргэд минь байна гэж зүүдлэв
Үсийг минь зөөлөн илбэсээр ижий минь
Үүр цайтал намайгаан энхрийлэв гэж зүүдлэв

Сэрмээргүй зүүд олон ч
Сэтгэлийг минь амраах нь үүнээс өөр үгүй ээ

Өлсвүү гээд ижий минь наддаан
Өөрийн гараар замбаа гурил зуурч
Хөлс асгарам сүүтэй цайтай цуг
Хүүдээн инээмсэглэн барьж байна гэж зүүдлэв

Амсмаар бал бурам олон ч
Атга энэ гурил шиг амттан хаана ч үгүй ээ

Дутуу унтсан намайгаан ижий минь
Дулаахан хөнжлөөр хучиж байна гэж зүүдлэв
Унтаж байхад минь хайр бялхсан харцаар ажиж
Уруулаараа зөөлөн үнсээд унтахаар явлаа гэж ижийгээн зүүдлэв

Хайрлуулах хэдий сайхан ч
Хамгаас тааламжтай нь үүнээс өөр хаана ч үгүй ээ

Би ижийгээн тэвэрч байна гэж зүүдлэв
Би ээждээ нь үнсүүлж байна гэж зүүдлэв .
Ээждээ л хурдан очихсон
Эрхэлж хурдан үнсүүлэхсэн

10 Jul 2009

Мартахгүй

Хорвоогийн хаана очсон ч би чамайг мартахгүй
Хоног өдөр там байсан ч би мартахыг ч хичээхгүй
Хойд насанд чинь заавал гэж бурхан надад амалсан ч
Хонгор минь би яасан ч тайвширч чадахгүй

Эргээд ирэхгүй хаашаа ч явсан би чамайг санаж
Элсэн далайд бүдэчсээр хамаг насыг барна
Буцаад ирэхгүй хаашаа ч явсан би чамайг харуулдаж
Бурхан дуудсан ч би эндээ л чамайг хүлээнэ

Үзэсгэлэнт дагина минь чи хаана байна
Үлгэр үргэлж сайхнаар төгсдөг
Үүрд амар сайхандаа жаргадаг
Үүнд л би бат итгэсээр үлгэр шиг учралаа хэзээ ч мартахгүй ээ

27 Jun 2009

Хүсэл


Үл дуусах зул гэрэл
Үргэлж дэргэд минь байгаасай
Түнэр харанхуйгаас намайг хамгаалж
Түр зуурын салхинд ч бүү бөхөөсэй

Өнгө өнгийн анхилам цэцэгс
Өнөөдрийнхөөрөө үүрд найгаасай
Цаг хугацааны буурал эргэлтэнд гундахгүй
Цаглашгүй жаргаланг үүрд бэлэгдээсэй

Дэрвэн гүйлдэх цайлган охид
Дэндүү муу явдалтан бүү болоосой
Орчлонгийн хамаг харыг цагаанаар будаж
Онцгойрч миний дэргэд үргэлж гэрэлтээсэй

Гал халуун тэмүүлэл зорилго
Гараас минь алдран бүү одоосой
Хором бүр намайг ташуурдан чиглүүлж
Хоёрдох сэтгэлээс үүрд ангид байлгаасай

Талын чинээ хүслээсээ
Тасалж өчүүхнийг бичив
Бичье гэсэн хүсэл минь ч
Битгий надаас зугтаасай

24 Jun 2009

Захиа
Цас хунгарлан хунгарласаар хот цагаан тэрлэг нөмөрсөн мэт болжээ . Айл бүр үүдний хээ дэнг асаан халуухан пийшингийнхээ ойролцоо тухлацгаасан нь ердийн алд шахам урт цонхоор илт харагдана . Яагаад ийм том цонхтой болсныг одоо хүн бүр мартсан бөгөөд саная ч гэж хичээх хүн байхгүй болжээ . Том цонхны цаана энэ хотын хичээнгүй шударга иргэдийн нэг ноён Чигүдэ гэр бүлээрээ ширээгээ тойрон ямар нэгэн хөгжилтэй зүйл ярилцан буй бололтой үе үе чанга инээлдэх нь тодоос тод харагдана .Харин Олоомхуни хотын төв гудамжны мухарт энэ халуун дулаан сайхан уур амьсгалыг нэгэн жаал хүү санаа алдан ажих бөгөөд хааяа гудамжны үзүүрлүү ширвэсхийн харах ажээ .
Хүйтэн жавар хүүг үе үе ороолгох ч , орох газар байхгүй гэх ердийн нэг шалтгаан бус ямар нэгэн ер бусын чухал зүйл түүнийг үүр шөнөөр хэн нэгнийг хүлээлгэх ажээ. Нусаа байн байн татангаа , өөртөө томдсон том малгайгаа нэг янзлаад хүлээлтээ үргэлжлүүлвээ.

Заналхийлэл


Атаархал чи надаас савраа тат
Анд олны минь дунд яс бүү хая
Атигар биеийг чинь би мушгиад
Авсанд хийгээд булшилж орхино шүү чамайг

Шунал чи надаас сүүдрээ ав
Шударга амьдралаас минь шалавхан холд
Шулмын биеийг чинь би сийчээд
Шуумар болгон шатааж орхино шүү чамайг

Уур хилэн чи надаас зай барь
Ухаант бодьгал шинжийг минь араатан бүү болго
Утсан улаан амийг чинь тасар татаад
Устгаж орхино шүү хэнэг ч үгүй

23 Jun 2009

Ширтмээр


Бие холдвол сэтгэл холдоно гэж хэн нэгэн хэзээ ч юм бэ хэлсэн байдаг. Гэхдээ Хэн нэгний хэлсэн дутуу дүгнэлт хэзээ ч өөрт чинь яв цав таарахгүй шүү залуусаа . Үсгийн толгой холбох гэж оролддог нэгний , үхрийн мөөрөхтэй адил бархираан гэж бодоорой дээрх өгүүлбэрийг .
Харин доорх мөртүүд бол хайрандаа шатсан залууг хажуунаас нь хараад би бичсэн юм юм шүү.

Тэвчээртэй хариуг чинь хүлээе гэсэн ч
Тэсэхгүйн ахиад л захиа бичиж сууна
Тэврээд чамайгаа үнсмээр байх юм
Тээр тэнд хол байгаа болхоор төсөөлхөөс өөрийг чадахгүй юмдаа....

Гадаа дулаахан хаврын урь ирсэн ч
Гарах хүсэл ч найзад чинь төрөхгүй юм
Ганцаараа би хаагуур ч явхав дээ
Гагцхүү чамтайгаа л цуг алхахыг хүсэж байгаа юм чинь ...

Сэтгэл гижигдсэн зүггүй инээдийг чинь ахиад нэг
Сэхүүн гэж найзын минь тодорхойлсон царайг чинь ч ахиад нэг
Секси ,бүхнээс секси биеийг чинь ч ахиад нэг
Сэтгүүлийн нүүрэнд ч гоёдох чамайгаа ахиад нэг

Хармаар ,яримаар ,уулзмаар

Хамтдаа алхмаар зугаалмаар

Хамгийн гол нь гарыг чинь атгаад нудийг чинь ширтмээр ...

1 Jun 2009

Хэн бэ ?


Бүтэн сартай нэгэн шөнө нойр хүрэхгүй
Бүр эртний явдал бодогдоод сэтгэл амрахгүй
Жил жилийн цаадахт сэтгэл ч түгших шиг
Сар сарын тэртээхт санаа ч зовох шиг
Гундуу гуай хааяа хаалга тогшино
Гутранги гуай хааяа үүд балбана
Хажууд минь харин өөдрөг гуай байгаа болхоор
Хаалгаа би хэзээ ч тайлж өгөхгүй ээ

21 May 2009

Одоохон ...



Сонс анд минь чи намайг
Солгой бодлын дунд тэнтчих миний
Согтуудаа нь биш эрүүлдээ
Солиорсондоо биш бачуурсандаа нь гаргасан үгсийг минь
Сонс анд минь чи сонс

Үгссэн мэт бөөгнөрч чуулаад
Үүлс тэнгэрийг халхалхад
Үүрд энэ хэвээр үлдэх мэтээр
Үзэсгэлэнт хөх тэнгэрээ нь санан гансранам ...

Зуун зууны өмнө ухаантнууд
Зуурдынх гэж хэлсэн байтал
Тэвчээрийн утсыг минь хөрөөдөх чимээ
Тэнд хол биш энд хангинаж байна

Мянга мянганы өмнө мэргэдүүд
Мятаршгүй хүлээ гэж айлдсан байтал
Цагийн урт зүүний хөдлөх чимээ
Цавчиж байна тэвчээрийн гинжийг минь

Би тэнгэрийн цагаан амьтан биш
Би тэнгэсийн ховор загас биш
Би нэвтэрсэн бумба биш, лам ч биш
Би нээг их ухаантан ч бишээ

Гэхдээ

Нэг сэхээд хэсэг жаргадаг
Нэжгээд жаргаад нэвсхийн ойчдог
Орчлонгийн жам одоо ч үйлчилнэ
Оддын гялалзах нь өдөр л үл харагдана

Одоо удахгүй Монголын цаг ирнэ ...
Орос Хятадын хоорондох зөөлөн сэндвич
Очир эрдэнэнээс илүү хатуу самар болно
Одоо удахгүй Монголын цаг ирнэ ....Одоохон


2009.05.21 19:15 gertee Tokyo

6 May 2009

Яваад очноо


Хааяа хааяадаа залгах нь ихсэж ээж минь
Хар дарж муугаар зүүдлээ болов уу муу хүүгээ
Үе үехэн залгах нь ихсэж ээж минь
Үр минь яагаад аниргүй байна гэж элдвийг бодоо болов уу

Эрх хүү нь сайн байна
Ээж минь та санаа бүү зовоорой
Алс хол байхын зовлонг багасган хүү чинь
Амралтаараа удахгүй яваад очноо Монголдоо

Хол явааг минь аав минь та хааяа мартаад
Хоол тавьсан уу гэж шалгааж орхидог болов уу
Хонуудаар хүү нь олон жил явсан ч аав минь
Хонх дараад хүүгээ ороод ирнэ гэж андуурдаг байхдаа

Алгын чинээ хүү тань том болсоон
Ааваа хүү нь ирлээ гээд нэг л өдөр
Алс хол байхын зовлонг арилган
Яваад очноо тун удахгүй

Өрөөндөө , орондоо . 2009.0506 00:09

5 May 2009

Эрхэм хүндэт новш


Шүүмжлэлээр гангалсан доромжлолыг
Шүтээнээр гангалсан бугийг ч
Шударгаар гангалсан боолчлолыг ч
Шулуухнаар гангалсан аархалыг ч

Бүх ноён Гангааг модонд өлгөөд галаар шарах юмсан

Хайраар гоёсон шуналыг ч
Харууслаар гоёсон арчаагүйг ч
Зоригоор гоёсон тэнэглэлийг ч
Зоосоор гоёсон тэнэгийг ч тэр

Бүх хатагтай Гоогоог усанд живүүлж далайд шидэх юмсан

Царайгаараа чимсэн шуламыг
Цагаар чимсэн цуст гарыг ч
Өдөөр чимсэн хоосон яриаг ч
Өнгө өнгөөр будсан бүх худал хуурмагийг ч тэр

Энэ бүх эрхэм хүндэт новшнуудыг
Эгнүүлж суулгаад зад буудах юмсан

Өрөөндөө 2009.05.05 20:05

Тайчигч


Энэ мөрүүд
Босоо төмөрнөөс сармагчин адил дүүжлэгдэн савлаад
Богино банзлаа тайчин шидэх хүүхний тухай биш
Болохгүй бүхнийг байгаагаар нь тайчин харуулдаг
Бодлогогүй гэж надад адлуулдаг андын минь тухай юмаа

Энэ мөрүүд
Бурхнаас заяасан сайхан биеэ гайхуулан найгаж
Бундан зүрхэнд үхлийн сум зоогч гоо охидын тухай биш
Бусдын болохгүйг надаас түрүүлж хараад чангаар
Буруу байна гэж нүцгэнээр нь дэлгэдэг андын минь тухай юмаа

Өнгөрсөнд чи үргэлж миний дэргэд
Өө сэвийн тухай өгүүллэг уншиж бас орилж
Өнгө өнгөөр алагласан тэр хувсцыг нь
Өөрийн улаан гараар урж бас тасддагсан

Урьд чи үргэлж миний дэргэд
Уран яруугаар ухуулан сэхээрүүлж бас ойлгуулж
Уянгын халилтай мансууруулагч хөгжмийг нь
Улиг болсон өөрийн гитараар сольж орхидогсон


Одоо харин анд минь чи алга
Орчлон хорвоо дээр чиний орон зай дутуу
Огоорч гэгээрэгсэд гэгч нь тайчих гэж оролдовч
Огт найз нь итгэж чадахгүй нь тэд хэн ч юм билээ

Өрөөндөө 2009.05.05 17:16

11 Apr 2009

Goodnight


Xонгорхон минь чи сайхан нойрсоорой
Xорвоо дээрх бүхий л сайхныг зүүдлэн тухтай амраарай
Xажууд чинь би байхгүй болхоор чи минь
Xар дарахгүй гэж надад амлаач

Энхрийхэн минь чи сайхан нойрсоорой
Энэ захиаг одоо уншихгүй байсан ч
Элдэв аягуй зүүд бүү зүүдлээсэй хэмээн
Эндээс найз нь шүлгээрээ бүүвэйлэе

Янагхан минь чи сайхан нойрсоорой
Ямар нэгэн таагүй бараан зүйл бус
Яриа дэлгэн надтай инээлдэн утсаар ярьсан мөчөө
Яг тэр уед оччихсон юм шиг бодон унтаарай

Царайлагхан минь чи сайхан нойрсоорой
Цав цагаанаар бүхнийг зураглаад
Цаашдийн өдрөө өөдрөгөөр төсөөлөөд
Цалин мөнгөн онгоцондоо суун зүүдний орныг зориорой

Сарнайхан минь чи сайхан нойрсоорой
Санан санан намайгаа мөрөөдөөд
Сар жилуууд хурдан өнгөрөхийг хүсэмжлээд
Сайхан тэр уулзах мөчөө бодон унтаарай

Уулзах хүртлээ би чамайг хар дарахыг
Урт шөнийг ганцаар айн өнгөрөөхийг зөвшөөруөхгүй
Харин хамтдаа байх үедээ би зуудэнд чинь санаа зовохгүй
Хажууд чинь би байх болхоор зөөлөн тэврэн чамайгаа тайвшруулна

Сакура


Дэлгэрэн гэрэлтсэн нэгэн сакурагийн модон дор
Дээш харан харан баясаж найрлан жаргана
Дэндүү магтаалд нь согтон ташуурсан мэт сакура
Дэнчигнэн арваадхан хоноод мөнгөн оосроо тасдана

Цагаан ягаан ширкхэгтэй тсасан адил бударч
Цагийн аясаар сакура аяар гэгч нь унана
Цаанаа л узэсгэлэнтэйе хун адил эргэлдэн дэвсээр
Цааг цагаараа нь байдаггүйг сануулан сакура газар нэлийн хөсөр унана

Мөхөж байхдаа ихэнх нь хөөрхийлөлтэй харагддаг бол
Мөчөртөө баяртай гээд шийдэмгий доош дүүлэхдээ сакура
Мөнхөд дуурсагдах эрэлхэг баатар шиг бахдам зоригтой
Мөрөөдлийн утсыг хөндөх намуухан аялгуу шиг гайхалтай ажээ

2009.4.10 20:34 gertee ...

23 Jan 2009

Өвлийн өвгөн


Амьдралдаа анх удаа өнгөрсөн жил
Арктикаас ирсэн өвлийн өвгөн боллоо
Анд найзуудаасаа хөгшин болхоороо
Арай илүү тарган ч болхоороо гэж андуураад намайг болгоогүй гэж найдая
Урьдаас малилзах Эркаг харангаа
Уруулаандаа шивнэн хэдэн мөр холболоо галт тэргэнд .

Өвлийн өвгөн:

Сайн байцгаана уу оюутан залуусаа
Цал буурал болсон өвлийн өвгөн аав нь
Цана чаргаан хөлөглөн
Цасан охидоон дагуулан
Цас мөсний орноос хүрэлцэн ирлээ
Япон оронд суралцдаг монгол залуус
Яг өмнөх жилийнх шигээ
Нүүрэндээ галтай
Нүдэндээ цогтой байгаад өвгөн аав нь хязгааргүй баяртай байнаа
Улиран одож буй 2008 он
Ухаарал гэгээрлийг мэдрүүлсэн
Улам хичээхийн дундрашгүй хүслийг боргилуулсан
Уухайлах амжилтын ноён хур буусан жил байсан гэдэгт Өвгөн аав нь итгэлтэй байнаа.
Төгсгөл бүхэн эхлэлийг авчирдаг
Төрмөл нэгэн жамын дагуу
2008 он маань Ширээн дээрх тэмдэглэл дээр үлдэж
Шив шинээр 9-н тоогоор солигдох мөч улам улам айсуй.
Он солигдох алтан мөч хүртэл
Олон үрс минь шавиагаа ханатал идэцгээ ууцгаа хөгжилдөцгөө
Өвгөн аав нь цасан охидтойгоо түр саатаж
Өөрийн үеийнхнээсээ ялгаран гэрэлтсэн
Хөөрхөн хэдэн оюутандаа
Хүндэтгэлийн бэлэг гардуулая. (гэсэн чинь өөрийгөө бас шагначихдаг юмаа,ичсэн шүү гэрэлтсэн энэ тэр гээд байсан чинь ккк, шинэ удирдах зөвлөлийнхөнд баярлалаа )
..............................................
За өвөө нь явлаа
Захиалга ихтэй зав зай муутай
Замдаа эмгэнээ аваад хойд туйлруугаа буцна

Шинэ жилээ та бүхэн сайхан тэмдэглээрэй
Шинэхэн найзтай олноор танилцаарай
Айлчлан ирж буй 2009 ондоо
Авдар авдраар мэдлэгийг улам хуримтлуулан
Аав ээжийнхээ , эх орныхоо ариун хүслийг үл умартан
Амрах завгүй өөртөөн ташуур өгөн хичээгээрэй
Тэгвэл ,
Тэвэр дүүрэн боломж
Тэнгэр дүүрэн баясал
Тэрэг дүүрэн мөнгө ч аяндаа өөрөө ирнээ .

16 Jan 2009

Загнавал загна


Ээмэгний чинь гялтганах чамд өнгө нэмэвч
Эгэл юу ч үгүй чихэнд чиь би дуртай
Энгэсэг будаг чамд үзэсгэлэн нэмэвч
Энгийн тэр унаган төрхөнд чинь л би ухаангүй хайртай
Алдартай олон ус чамд цэцгийн үнэр авчрав ч
Аргагүй л шүршүүрний дараах үнэрэнд бүр ч дуртай
Алтан бөгж гаранд чинь улам үнэ нэмэвч
Арьсанд чинь л би төмөрнөөс илүү маш их хайртай
Сайхан харагдах гэсэн чиний зүтгэл
Салгаад хаячихлаа чиний минь төрхийг
Сэтгэл гаргаж намайгаа бодсон атал
Сэнгэнэтэл хүйтнээр үлээж орхисон бол уучлаарай
Охин минь,
Онгон даруу чамд л би дурласан
Олон цэцэгнээс чамайг л хайрласан
Харин,
Одоо чамайг харах бүр
Ондоон болоод нэг л өөр
Огт эмэгтэй хүн ойлгодоггүй
Олиггүй тэнэг гэж чи загнавал ч загнаа .
Энхбаяр 2009.01.16 21:52 Токио

1 Jan 2009


Сэрүүн салхи хүчтэй үлээж
Сиймхий гэрийг нь аваад явхад
Гомдсондоо эзэн нь уйлсаар байгаад
Гол нэгийг бүтээв гэнэ .
1996 он

Хоёр дахь мянганы ес дэх он ирлээ залуусаа
Хоёргүй сэтгэлээр урагш тэмүүлэн мориндоо ташуур өгч
Холын холд манхайх амжилтын оргил өөд
Хоёр мянга есэн ондоо ч мацан дээшлэе