28 Oct 2010

Гэнэхэн байна даа




Гэнэхэн байна даа

Цас чи дээрээс зөөлөн будрахдаа
Цагаанаар бүхнийг будна гэж сэтгээ юу
Цайлган байна даа цайлган байна
Хар санаа хээрийн түймэр болон тархаж
Хаа сайгүй орилолдон бүжиж байна

Бороо чи дээрээс шиврэхдээ
Бохир бүхнийг угаана гэж бодоо юу
Болоогүй байна даа болоогүй байна
Шулам дүрт шуналын сэтгэл цаана чинь
Шүхэр дор алгаа ташин дэвхцэж байна

Салхи чи аяархан сэвэлзэхдээ
Саар бүхнийг хийсгэнэ гэж санаа юу
Гэнэн байна даа гэнэн байна
Баг өмссөн адын бодол цаана чинь
Байшин дотроо чамайг шоолон инээлдэж байна


2010.10.28 Токио гэртээ. Энка Энхбаяр

2 Oct 2010

Хяргас нуур


Газар дэлхийд ойсон номин хөх тэнгэр
Галуу шувууд цугласан номхон дөлгөөн рашаан
Хүмүүн заяаг тэтгэх хүслийн хязгаар шиг Хяргас нуур
Хүлээхийн жаргалыг амсуулах холын хайртай амин нуур

Эхийн хэвлий дэх арван сарыг сануулах эрдэнэ минь
Ээжийн аялах зөөлөн бүүвэйг хөгжимдөх долгио минь
Эргээд хоёулаа удахгүй ээж хүү шиг уулзая даа



2010.08.18 Хяргас нуур, Хэцүү хад