7 Feb 2010

Чимээ...


Чихэнд

Компьютерь аахилах
Кондишн уухилах

Чимээ...

Бодолд

Өчигдөр хурхирах
Өнөөдөр архирах
Маргааш бархирах

Чимээ...

Цээжинд

Анхилуун уянгалах
Танхилуун инээлдэх
Энхрий дуулах
Эндээс чагнах

Чимээ...

2010.02.07 00:33 Энхбаяр , Токио

5 Feb 2010

Ирээдүйн найз охиндоо


Ирээдүйн найз охиндоо

Эрхэм хүндэт Энхбаярын найз охин чамд
Энэ өдрийн мэнд хүргэе
Анд минь араас чинь
Утас шиг хөвөрсөн эсэх
Аль эсвэл чи өмнө нь
Ухаан балартсан эсэх
Энэ бүгдийг би асуухгүй ээ
Энхбаяртай л чи одоо цуг байвал болох нь тэр

Хайрт хүндэт Энхбаярын найз охин чамд
Хацар дүүрэн инээмсэглэлээр бэлэг барья
Хайртай гэж шууд хэлэхдээ
Наадах чинь маруухан
Хамаг сэтгэлээ уудлахдаа
Наадах чинь хайнгадуухан
Үсийг чинь үнэрлээд зөөлөн илбэх бүрт
Үг хүлээлгүй хайртай гэдгийн санаарай

Үүрдийн нөхөр Энхбаярын минь найз охин чамайг
Үнэн сэтгэлийн угаас чанга тэврэе
Чамтай уулзатлаа бичсэн шүлэг бүрээс нь
Чанга хатуугаар эзнийг нь бүү нэхээрэй
Үнэндээ найз минь шүлэглэхээс бусдыг чадаагүй юм
Үүр шөнийн ододтой ярилцахаас бусдыг хийгээгүй юм
Арьсаа хамгаалах гэж би бичсэнгүй
Андыг минь илүү ихээр хайрлаарай

2010.02.05 20:00 Токио Энхбаяр