29 Oct 2009

Замбуулин


Газар дэлхийг чичрүүлэх боргиотой
Ган төмрийг нугалах эрчлээтэй
Урсмал нуурны уснаас нь амсав
Уруулд минь харин гуниг мэдрэгдэв

Гол мөрөн гэж би андуурчээ
Гоо үзэсгэлэн гэж би эндүүрчээ
Алгаараа утгаж амандаа хүргэсэн минь
Алагхан замбуулингаас бөмбөрсөн нулимс ажээ

Түмэн зовлонгоос би багахан амтлаад
Түгдрэн балмагдаж хэсэг суув
Сая шаналалаас би өчүүхэн хүртээд
Санаа алдаж бодол бодов ....

Бодол бодон суухад минь
Болор мөнгөн туяа цацруулсан хөгжим сонстов
Санаа алдан суухад минь
Солонгын долоон өнгөт гайхамшигт хөгжим цуурайтав

Гэрэл цацруулсан тэр хөгжим харин
Гэрэлт хорвоогийн инээд байж
Өнгө өнгийн гэрэл цацруулсан тэр хөгжим харин
Өнөөх замбуулингийн инээд байж ...

2009.10.29

20 Oct 2009

Ялаа


Ялаа
Дэмийрсэн бүдүүн ялаа
Дэлхийгээр нэг орилов
Дэрвэгэр хоёр дэлбээ минь
Дэрсхийн нистэл бархирав

Галзуурсан тарган ялаа
Гайхуулан чангаар бархирав
Галтогоо коридор том өрөөгөөр
Ганганан хангинаж бүргэд адил дүүлэв

Байн байн намайг оролдож
Басаж ихээр доромжлов
Үе үе намайг ирвэгнүүлж
Үнэхээр аргыг минь барав

Хайрт минь асан бол
Хариуд нь би гижигдэхсэн
Анд минь асан бол
Андаж байгаад хариуг нь барихсан

Үмхий муу ялаатай юу ярихав
Өөрийнхөө хэмжээг мэдэж
Үх чи ингээд МАЙ !

15 Oct 2009

Би дуртай


Би дуртай

Өглөө бүр би нарыг харах дуртай
Өдөн дэрэн дээрээсээ цонхруу ширтэх дуртай
Наран яг адилхан гийх ч өнөөдөр бол өөр
Намайг яг адилхан ээх ч өнөөдөр бүр ч таатай

Өдөр бүр би тэнгэрийг ширтэх дуртай
Үүлэн доогуур дүүлэн нисэх шувуудыг ажих дуртай
Тэнгэр үргэлж хувирч олон янз болох ч
Тэндээ л жигүүртэн шувууд илүү эрх чөлөөтэй

Орой бүр би оддыг харах дуртай
Онцгой гэрэлтэх нэгэнтэй нь бодлоороо ярилцах дуртай
Одод хааяа үүлэн цаагуур орж надаас нуугдахад
Олон мянгаараа нь гялалздаг Монголоо нь би санан гансрах дуртай

Шөнө бүр би хайртай хүмүүстэйгээ уулзах дуртай
Шүлэг нойрон дахь драмын гол дүрд тоглох дуртай
Найруулагч нь хэн гэдгийг би огтхон ч мэдэхгүй ч
Намайг өнөөдөр Ромео болгооч гэж орон дотроо нууцхан хүсэх дуртай

Өглөө бүр би нарыг харах дуртай

2009.10.15 10 цаг 10 мин Энхбаяр

13 Oct 2009

Орондоо


Орондоо

Орон дотроо би байна
Одоо яг л унтах гэж байна
Уянгын зөөлөн аялгууг би сонсонгоо
Ургуулан бодно гэнэтийн учралыг

Хөнжил дотроо би байна
Хөөрхөн дүү нараа бодож байна
Нүдээ аниад л дүү нараа хархаар
Нүүр минь инээмсэглэлээр дүүрэх юм

Шөнө юу зүүдлэхээ би мэдэхгүй
Шүлэг нойронд хэн айлчлахыг би таахгүй
Бодолд минь одоо сайхан зүйлс л урсана
Болдогсон бол шөнө энийгээ зүүдлээсэй

2009.10.13 22цаг 23 мин орондоо, Энхбаяр

10 Oct 2009

Гитар минь


Гитар минь

Тэнгэр бүүдийж бороо шаагисан
Тэнгис цалгилж шуурга шуугисан
Хөшгөө нээгээд л гунигт автах гаслант өдөр
Хөнжил дотроо би банзан гитараа бариад
Хөгжилтэй нь аргагүй дуу аялна

Наран мандаж дулаахнаар инээсэн
Навчис цэцэглэж сэтгэл сэргэсэн
Өглөө босоод л эрч хүчээр халгих өдөр
Өрөөнийхөө буланд гитартайгаа цуг
Өнгөрсөн явдлаа эргэн санан ганихарна

Гитар минь чи улам намуухан дуугарч
Гэгэлзэх сэтгэлийг минь улам бүр донслуул
Гитар минь чи улам уянгалаг исгэрч
Гэрээ санасан надтай хором ч гэсэн хань бол

Гитар минь

2009.10.10 18:23 гэртээ

3 Oct 2009

Элэнц өвөөдөө бичсэн захидал


Элэнц өвөөдөө бичсэн захидал

Тал дүүрэн адууныхаа урдхан
Танан цагаан гэрийнхээ хажуухан
Өвдөг дээрээ гараа тавьлаад
Өөдөөс дулаахан ширтсэн
Өвөг эцэг таньдаа хүү нь
Өр зүрхний халуун угаас
Үзэг цаас нийлүүлэн захиа бичиж сууна
Бурхны оронд ч та минь
Бусдын адил зүгээр суухгүй
Дээд тэнгэрийн түшмэл болоод
Дэндүү завгүй байна гэж би зүүдэллээ
Амгалангийн оронд ч та минь
Алгуур дэмий үл хэвтэж
Ариун тэнгэрийн мянган хүлгийн сурыг
Амрах завгүй элдэн байна гэж зүүдэллээ
Мөхөс хүү чинь
Мөөмнөөс гарах гэж арван есэн жилийг
Мөн ч их танхил өнгөрөөжээ
Муу хүү чинь
Мундаг эр хүн боллоо хорин хоёр нас гэж бархираад
Мунхаг үйлдлийг олон удаа давтжээ
Ажил ч хичээнгүй занг тань би мэдэх ч
Ашиггүйгээр цагийг олонтоо өнгөрөөжээ
Үүнийг хэлэхдээ хүү нь ичэж байна
Үүнээс цааш хичээнээ...
Үгэндээ байхгүй бол та минь
Үе үе зүүдэнд минь ирж хонгон дээр минь алгадаарай

2009.10.03 гэртээ Токио

Зулзаганууддаа


Айл гэрт хүн нэмэгдэх нь
Алтнаас илүү жаргал билээ
Анир чимээгүй суун зурагт харсан
Амьдралын ердийн орчилийг эвдэж
Ангаахай бялзуухай шиг таван дүү минь
Ар араасаа цувран бидэндээ иржээ
Хамгийн бага нь болж дураар эрхэлсэн
Харцаараа бүгдийг эмээлгэсэн намайгаа
Ах болгож та нар минь ичээсэн
Агаа гэж та нар л намайг дуудсан
Хайртай хайртай гэж шулганалдаад
Хамраа үрчийлгэдэг дүү нар минь
Харь улсад агаа нь сурч буй болхоор
Хацрыг нь үнэрлэж өдөр бүр тоглож чадахгүйд уучлаарай
Тэнгис дахь нэгэн завийг ээж аав чинь гэвэл
Тэрийг хөдөлгөх сэлүүр нь та нар юм шүү
Тээр тэнд гэрэлтэх та нарын аз жаргалруу
Тэвчээр заан өдөр шөнөгүй сэлүүрдэдгийг нь бүү мартаарай
Эмээ өвөөдөө инээд бэлэглэгч
Ээж аавдаа эрч хүч хайрлагч та нар минь
Эрүүл энх өсөж бойжоод
Эх орондоо хэрэгтэй хүмүүн болоорой

2009.10.03 Токио гэртээ,Хосоо-г сагс тоглохоор явсан хойгуур бичив.