29 Oct 2009

Замбуулин


Газар дэлхийг чичрүүлэх боргиотой
Ган төмрийг нугалах эрчлээтэй
Урсмал нуурны уснаас нь амсав
Уруулд минь харин гуниг мэдрэгдэв

Гол мөрөн гэж би андуурчээ
Гоо үзэсгэлэн гэж би эндүүрчээ
Алгаараа утгаж амандаа хүргэсэн минь
Алагхан замбуулингаас бөмбөрсөн нулимс ажээ

Түмэн зовлонгоос би багахан амтлаад
Түгдрэн балмагдаж хэсэг суув
Сая шаналалаас би өчүүхэн хүртээд
Санаа алдаж бодол бодов ....

Бодол бодон суухад минь
Болор мөнгөн туяа цацруулсан хөгжим сонстов
Санаа алдан суухад минь
Солонгын долоон өнгөт гайхамшигт хөгжим цуурайтав

Гэрэл цацруулсан тэр хөгжим харин
Гэрэлт хорвоогийн инээд байж
Өнгө өнгийн гэрэл цацруулсан тэр хөгжим харин
Өнөөх замбуулингийн инээд байж ...

2009.10.29