
Айл гэрт хүн нэмэгдэх нь
Алтнаас илүү жаргал билээ
Анир чимээгүй суун зурагт харсан
Амьдралын ердийн орчилийг эвдэж
Ангаахай бялзуухай шиг таван дүү минь
Ар араасаа цувран бидэндээ иржээ
Хамгийн бага нь болж дураар эрхэлсэн
Харцаараа бүгдийг эмээлгэсэн намайгаа
Ах болгож та нар минь ичээсэн
Агаа гэж та нар л намайг дуудсан
Хайртай хайртай гэж шулганалдаад
Хамраа үрчийлгэдэг дүү нар минь
Харь улсад агаа нь сурч буй болхоор
Хацрыг нь үнэрлэж өдөр бүр тоглож чадахгүйд уучлаарай
Тэнгис дахь нэгэн завийг ээж аав чинь гэвэл
Тэрийг хөдөлгөх сэлүүр нь та нар юм шүү
Тээр тэнд гэрэлтэх та нарын аз жаргалруу
Тэвчээр заан өдөр шөнөгүй сэлүүрдэдгийг нь бүү мартаарай
Эмээ өвөөдөө инээд бэлэглэгч
Ээж аавдаа эрч хүч хайрлагч та нар минь
Эрүүл энх өсөж бойжоод
Эх орондоо хэрэгтэй хүмүүн болоорой
2009.10.03 Токио гэртээ,Хосоо-г сагс тоглохоор явсан хойгуур бичив.