21 May 2009

Одоохон ...



Сонс анд минь чи намайг
Солгой бодлын дунд тэнтчих миний
Согтуудаа нь биш эрүүлдээ
Солиорсондоо биш бачуурсандаа нь гаргасан үгсийг минь
Сонс анд минь чи сонс

Үгссэн мэт бөөгнөрч чуулаад
Үүлс тэнгэрийг халхалхад
Үүрд энэ хэвээр үлдэх мэтээр
Үзэсгэлэнт хөх тэнгэрээ нь санан гансранам ...

Зуун зууны өмнө ухаантнууд
Зуурдынх гэж хэлсэн байтал
Тэвчээрийн утсыг минь хөрөөдөх чимээ
Тэнд хол биш энд хангинаж байна

Мянга мянганы өмнө мэргэдүүд
Мятаршгүй хүлээ гэж айлдсан байтал
Цагийн урт зүүний хөдлөх чимээ
Цавчиж байна тэвчээрийн гинжийг минь

Би тэнгэрийн цагаан амьтан биш
Би тэнгэсийн ховор загас биш
Би нэвтэрсэн бумба биш, лам ч биш
Би нээг их ухаантан ч бишээ

Гэхдээ

Нэг сэхээд хэсэг жаргадаг
Нэжгээд жаргаад нэвсхийн ойчдог
Орчлонгийн жам одоо ч үйлчилнэ
Оддын гялалзах нь өдөр л үл харагдана

Одоо удахгүй Монголын цаг ирнэ ...
Орос Хятадын хоорондох зөөлөн сэндвич
Очир эрдэнэнээс илүү хатуу самар болно
Одоо удахгүй Монголын цаг ирнэ ....Одоохон


2009.05.21 19:15 gertee Tokyo

6 May 2009

Яваад очноо


Хааяа хааяадаа залгах нь ихсэж ээж минь
Хар дарж муугаар зүүдлээ болов уу муу хүүгээ
Үе үехэн залгах нь ихсэж ээж минь
Үр минь яагаад аниргүй байна гэж элдвийг бодоо болов уу

Эрх хүү нь сайн байна
Ээж минь та санаа бүү зовоорой
Алс хол байхын зовлонг багасган хүү чинь
Амралтаараа удахгүй яваад очноо Монголдоо

Хол явааг минь аав минь та хааяа мартаад
Хоол тавьсан уу гэж шалгааж орхидог болов уу
Хонуудаар хүү нь олон жил явсан ч аав минь
Хонх дараад хүүгээ ороод ирнэ гэж андуурдаг байхдаа

Алгын чинээ хүү тань том болсоон
Ааваа хүү нь ирлээ гээд нэг л өдөр
Алс хол байхын зовлонг арилган
Яваад очноо тун удахгүй

Өрөөндөө , орондоо . 2009.0506 00:09

5 May 2009

Эрхэм хүндэт новш


Шүүмжлэлээр гангалсан доромжлолыг
Шүтээнээр гангалсан бугийг ч
Шударгаар гангалсан боолчлолыг ч
Шулуухнаар гангалсан аархалыг ч

Бүх ноён Гангааг модонд өлгөөд галаар шарах юмсан

Хайраар гоёсон шуналыг ч
Харууслаар гоёсон арчаагүйг ч
Зоригоор гоёсон тэнэглэлийг ч
Зоосоор гоёсон тэнэгийг ч тэр

Бүх хатагтай Гоогоог усанд живүүлж далайд шидэх юмсан

Царайгаараа чимсэн шуламыг
Цагаар чимсэн цуст гарыг ч
Өдөөр чимсэн хоосон яриаг ч
Өнгө өнгөөр будсан бүх худал хуурмагийг ч тэр

Энэ бүх эрхэм хүндэт новшнуудыг
Эгнүүлж суулгаад зад буудах юмсан

Өрөөндөө 2009.05.05 20:05

Тайчигч


Энэ мөрүүд
Босоо төмөрнөөс сармагчин адил дүүжлэгдэн савлаад
Богино банзлаа тайчин шидэх хүүхний тухай биш
Болохгүй бүхнийг байгаагаар нь тайчин харуулдаг
Бодлогогүй гэж надад адлуулдаг андын минь тухай юмаа

Энэ мөрүүд
Бурхнаас заяасан сайхан биеэ гайхуулан найгаж
Бундан зүрхэнд үхлийн сум зоогч гоо охидын тухай биш
Бусдын болохгүйг надаас түрүүлж хараад чангаар
Буруу байна гэж нүцгэнээр нь дэлгэдэг андын минь тухай юмаа

Өнгөрсөнд чи үргэлж миний дэргэд
Өө сэвийн тухай өгүүллэг уншиж бас орилж
Өнгө өнгөөр алагласан тэр хувсцыг нь
Өөрийн улаан гараар урж бас тасддагсан

Урьд чи үргэлж миний дэргэд
Уран яруугаар ухуулан сэхээрүүлж бас ойлгуулж
Уянгын халилтай мансууруулагч хөгжмийг нь
Улиг болсон өөрийн гитараар сольж орхидогсон


Одоо харин анд минь чи алга
Орчлон хорвоо дээр чиний орон зай дутуу
Огоорч гэгээрэгсэд гэгч нь тайчих гэж оролдовч
Огт найз нь итгэж чадахгүй нь тэд хэн ч юм билээ

Өрөөндөө 2009.05.05 17:16