5 May 2009

Тайчигч


Энэ мөрүүд
Босоо төмөрнөөс сармагчин адил дүүжлэгдэн савлаад
Богино банзлаа тайчин шидэх хүүхний тухай биш
Болохгүй бүхнийг байгаагаар нь тайчин харуулдаг
Бодлогогүй гэж надад адлуулдаг андын минь тухай юмаа

Энэ мөрүүд
Бурхнаас заяасан сайхан биеэ гайхуулан найгаж
Бундан зүрхэнд үхлийн сум зоогч гоо охидын тухай биш
Бусдын болохгүйг надаас түрүүлж хараад чангаар
Буруу байна гэж нүцгэнээр нь дэлгэдэг андын минь тухай юмаа

Өнгөрсөнд чи үргэлж миний дэргэд
Өө сэвийн тухай өгүүллэг уншиж бас орилж
Өнгө өнгөөр алагласан тэр хувсцыг нь
Өөрийн улаан гараар урж бас тасддагсан

Урьд чи үргэлж миний дэргэд
Уран яруугаар ухуулан сэхээрүүлж бас ойлгуулж
Уянгын халилтай мансууруулагч хөгжмийг нь
Улиг болсон өөрийн гитараар сольж орхидогсон


Одоо харин анд минь чи алга
Орчлон хорвоо дээр чиний орон зай дутуу
Огоорч гэгээрэгсэд гэгч нь тайчих гэж оролдовч
Огт найз нь итгэж чадахгүй нь тэд хэн ч юм билээ

Өрөөндөө 2009.05.05 17:16