20 Jan 2010

Асуулт


Асуулт

Чиний бодлын байшин дахь
Миний нэгэн өрөө
Чинь зүрхний угаас
Чимж гоёсон тасалгаа юу

Чиний бодлын байшин дахь
Миний нэгэн өрөө
Чамд эртний зүйлийг
Чандалж хадгалсан агуулах уу

Чиний бодлын байшин дахь
Миний нэгэн өрөө
Цэнгэг агаар хааяа амьсгалах
Цэвэрхэн бяцхан тагт уу

Чиний бодлын байшин дахь
Миний нэгэн өрөө
Цааш алхаж зүрхлэмгүй
Цаг зуурын коридор уу

Чиний бодлын байшин дахь
Миний нэгэн өрөө
Бусдад харуулалгүй хаасан
Булангийн цоожтой шүүгээ юу

Чиний бодлын байшин дахь
Миний нэгэн өрөө
Биеэн барилгүй долгиолон
Вино шимэлцэх ванн уу

Чиний бодлын байшин дахь
Миний нэгэн өрөө
Өөрт чинь бэлдсэн өрөөтэй минь
Өөгүй яг адилхан бол
Өнөөдөртөө багтаад би
Өргөөрүү чинь нүүмээр байна

2010.01.19 Токио Цамхаад Самдангийн Энхбаяр

14 Jan 2010

4 бодол


4 бодол

Ялгадас үнэрлэсэн
Ярвагар царай
Нэг инээгээсэй
Яс хөлдөөм
Язалзсан инээд
Нэг уурлаасай
Ялаа үүрлэм
Яршигтай ам
Нэг хамхиасай
Ямар ч хувиралгүй
Япон робот
Нэг нээгээсэй

Цамхаад Самдан Энхбаяр 2010.01.14 16:11 Токио

Санаж байна


Санаж байна

Хүсээд л харьчихгүй алсын орноос
Хүү нь гэрээ санан үгүйлнэ

Адуу тургилах буйдхан хөдөө талд
Аав минь намайг харуулдан суугаа
Эсгий гэртээ дээлийг минь оён
Ээж минь намайг хүлээж суугаа

Хүсээд л харьчихгүй алсын орноос
Хүү нь гэрээ санан үгүйлнэ

Нүцгэн хөлөөр наадан гүйсэн
Газар шороо минь намайг харуулдан байгаа
Нүүдлийн шувуудын зуурдын диваажин
Гайхамшигт нуур минь намайг хүлээж байгаа

Хүсээд л харьчихгүй алсын орноос
Хүү нь Монголоо санан үгүйлнэ

Бүүвэйлж саатуулсан эгч нар минь
Бүлтгэр дүүгээ хүлээж суугаа
Бүтэхгүй жаалуудаас хамгаалдаг ах нар минь
Битүүхэн дүүгээ харуулдан суугаа

Санаад л харьчихгүй тэртээх орноос
Санаа алдан та нарыгаа үгүйлнэ

Бууж өнгөрсөн овоо болгон
Буцаж ирэхийг минь харуулдан байгаа
Ангаагаа тайлдаг ариун булаг минь
Араас минь хараад хүлээж байгаа

Бодоод л оччихгүй холын орноос
Би нутгаа санан гансран сууна

Худал унахад баярладаг зулзаганууд минь
Хоног тоолон ахыгаа харуулдан суугаа
Мөрөөр татдаг хөөрхөн охин дүү минь
Магнайд хүрээд ахыгаа хүлээж суугаа

Алхаад л харьчихгүй алсын орноос
Ах нь дүү нараа санан үгүйлж байна

Хээр талын ариун салхи
Хззээ ирэхийг минь харуулдан байгаа
Хэнэггүй чангаар орилдог уул
Хүн байна уу гэж ахин дэггүйтэхийг минь хүлээж суугаа



Цамхаад Самдан Энхбаяр 2010.01.14 00:00 цаг Токио