11 Apr 2014

Дөрвөн сарын бороо


Дөрвөн сарын шиврээ бороонд сэтгэл гэгэлзэнэ
Дөнгөж аялсан шивнээ салхинд нь бодол сэвэлзэнэ...

   Харамлан унагах дусал дуслыг чинь би цэцэг адил түүгээд
   Хайраар дутсан бүхэнд халуун сарнай болгон барихсан...

Дөрвөн сарын анхилуун бороонд одод мансуурна
Дүүлэн шумбах учралын бүжгэнд нь саран согтуурна

   Эгэлгүй сайхан нисэн орох ширхэг ширхэгийг чинь би нандигнан хадгалаад
   Эвдэрсэн зүрх бүхэнд итгэл болгон бэлэглэхсэн...

Дөрвөн сарын шөнийн бороо гунигт автуулна
Дүрслэн хөгжимдөх чимээ анир нь далайд умбуулна

   Чамаас уянгалах харуусал бүрийг  дуу болгон бичээд
   Чимээгүй  хааяа заримынх нь чихэнд тавин сонсгохсон...

 Дөрвөн сарын  энэ нэгэн бороонд нойр хулжина
 Дөлж одсон ахиж ирэхгүйн хариуд мөрөөдөл баяжина

   Унахдаа уусах хоромхон зуураас ухаарлыг мэдэрч
   Урсахдаа татуулах зам бүрээс чинь уучлалыг ойлгоно....

2014.04.11