Showing posts with label Миний шүлэгс. Show all posts
Showing posts with label Миний шүлэгс. Show all posts
28 Oct 2010
Гэнэхэн байна даа
Гэнэхэн байна даа
Цас чи дээрээс зөөлөн будрахдаа
Цагаанаар бүхнийг будна гэж сэтгээ юу
Цайлган байна даа цайлган байна
Хар санаа хээрийн түймэр болон тархаж
Хаа сайгүй орилолдон бүжиж байна
Бороо чи дээрээс шиврэхдээ
Бохир бүхнийг угаана гэж бодоо юу
Болоогүй байна даа болоогүй байна
Шулам дүрт шуналын сэтгэл цаана чинь
Шүхэр дор алгаа ташин дэвхцэж байна
Салхи чи аяархан сэвэлзэхдээ
Саар бүхнийг хийсгэнэ гэж санаа юу
Гэнэн байна даа гэнэн байна
Баг өмссөн адын бодол цаана чинь
Байшин дотроо чамайг шоолон инээлдэж байна
2010.10.28 Токио гэртээ. Энка Энхбаяр
2 Oct 2010
Хяргас нуур
Газар дэлхийд ойсон номин хөх тэнгэр
Галуу шувууд цугласан номхон дөлгөөн рашаан
Хүмүүн заяаг тэтгэх хүслийн хязгаар шиг Хяргас нуур
Хүлээхийн жаргалыг амсуулах холын хайртай амин нуур
Эхийн хэвлий дэх арван сарыг сануулах эрдэнэ минь
Ээжийн аялах зөөлөн бүүвэйг хөгжимдөх долгио минь
Эргээд хоёулаа удахгүй ээж хүү шиг уулзая даа
2010.08.18 Хяргас нуур, Хэцүү хад
7 Feb 2010
Чимээ...
5 Feb 2010
Ирээдүйн найз охиндоо

Ирээдүйн найз охиндоо
Эрхэм хүндэт Энхбаярын найз охин чамд
Энэ өдрийн мэнд хүргэе
Анд минь араас чинь
Утас шиг хөвөрсөн эсэх
Аль эсвэл чи өмнө нь
Ухаан балартсан эсэх
Энэ бүгдийг би асуухгүй ээ
Энхбаяртай л чи одоо цуг байвал болох нь тэр
Хайрт хүндэт Энхбаярын найз охин чамд
Хацар дүүрэн инээмсэглэлээр бэлэг барья
Хайртай гэж шууд хэлэхдээ
Наадах чинь маруухан
Хамаг сэтгэлээ уудлахдаа
Наадах чинь хайнгадуухан
Үсийг чинь үнэрлээд зөөлөн илбэх бүрт
Үг хүлээлгүй хайртай гэдгийн санаарай
Үүрдийн нөхөр Энхбаярын минь найз охин чамайг
Үнэн сэтгэлийн угаас чанга тэврэе
Чамтай уулзатлаа бичсэн шүлэг бүрээс нь
Чанга хатуугаар эзнийг нь бүү нэхээрэй
Үнэндээ найз минь шүлэглэхээс бусдыг чадаагүй юм
Үүр шөнийн ододтой ярилцахаас бусдыг хийгээгүй юм
Арьсаа хамгаалах гэж би бичсэнгүй
Андыг минь илүү ихээр хайрлаарай
2010.02.05 20:00 Токио Энхбаяр
20 Jan 2010
Асуулт

Асуулт
Чиний бодлын байшин дахь
Миний нэгэн өрөө
Чинь зүрхний угаас
Чимж гоёсон тасалгаа юу
Чиний бодлын байшин дахь
Миний нэгэн өрөө
Чамд эртний зүйлийг
Чандалж хадгалсан агуулах уу
Чиний бодлын байшин дахь
Миний нэгэн өрөө
Цэнгэг агаар хааяа амьсгалах
Цэвэрхэн бяцхан тагт уу
Чиний бодлын байшин дахь
Миний нэгэн өрөө
Цааш алхаж зүрхлэмгүй
Цаг зуурын коридор уу
Чиний бодлын байшин дахь
Миний нэгэн өрөө
Бусдад харуулалгүй хаасан
Булангийн цоожтой шүүгээ юу
Чиний бодлын байшин дахь
Миний нэгэн өрөө
Биеэн барилгүй долгиолон
Вино шимэлцэх ванн уу
Чиний бодлын байшин дахь
Миний нэгэн өрөө
Өөрт чинь бэлдсэн өрөөтэй минь
Өөгүй яг адилхан бол
Өнөөдөртөө багтаад би
Өргөөрүү чинь нүүмээр байна
2010.01.19 Токио Цамхаад Самдангийн Энхбаяр
14 Jan 2010
4 бодол
Санаж байна
Санаж байна
Хүсээд л харьчихгүй алсын орноос
Хүү нь гэрээ санан үгүйлнэ
Адуу тургилах буйдхан хөдөө талд
Аав минь намайг харуулдан суугаа
Эсгий гэртээ дээлийг минь оён
Ээж минь намайг хүлээж суугаа
Хүсээд л харьчихгүй алсын орноос
Хүү нь гэрээ санан үгүйлнэ
Нүцгэн хөлөөр наадан гүйсэн
Газар шороо минь намайг харуулдан байгаа
Нүүдлийн шувуудын зуурдын диваажин
Гайхамшигт нуур минь намайг хүлээж байгаа
Хүсээд л харьчихгүй алсын орноос
Хүү нь Монголоо санан үгүйлнэ
Бүүвэйлж саатуулсан эгч нар минь
Бүлтгэр дүүгээ хүлээж суугаа
Бүтэхгүй жаалуудаас хамгаалдаг ах нар минь
Битүүхэн дүүгээ харуулдан суугаа
Санаад л харьчихгүй тэртээх орноос
Санаа алдан та нарыгаа үгүйлнэ
Бууж өнгөрсөн овоо болгон
Буцаж ирэхийг минь харуулдан байгаа
Ангаагаа тайлдаг ариун булаг минь
Араас минь хараад хүлээж байгаа
Бодоод л оччихгүй холын орноос
Би нутгаа санан гансран сууна
Худал унахад баярладаг зулзаганууд минь
Хоног тоолон ахыгаа харуулдан суугаа
Мөрөөр татдаг хөөрхөн охин дүү минь
Магнайд хүрээд ахыгаа хүлээж суугаа
Алхаад л харьчихгүй алсын орноос
Ах нь дүү нараа санан үгүйлж байна
Хээр талын ариун салхи
Хззээ ирэхийг минь харуулдан байгаа
Хэнэггүй чангаар орилдог уул
Хүн байна уу гэж ахин дэггүйтэхийг минь хүлээж суугаа
Цамхаад Самдан Энхбаяр 2010.01.14 00:00 цаг Токио
24 Dec 2009
Тэр

Тэр
Өөлөх аргагүй ялдам гүнжээс
Өвдөг сөгдөн хайр гуйв ... Уучлаарай
Тэр
Нум агссан тэнгэрийн элчээс
Нулимс дуслуулан хэрүүл гуйв... Уучлаарай
Тэр
Энэлэлийн далайд хөл алдаж
Эрлэгээс зуурдын үхэл гуйв ...Уучлаарай
Үг гарахгүй хоолойд нь тээглэж
Үйл олдохгүй орондоо бэтгэрэв
Өөрийнхөө заяагүйд гунин гансарч
Өчигдөрийн хариуг бодон бодон нулимс унагав ...
2009.12.12
3 Dec 2009
Бэлдэж бай

Зүрхэндээ надад зай бэлд
Зүүдэндээ намайг олж хар
Уруул чинь одоо өөр хүнийх байлаа ч
Уулзахдаа чи надруу инээмсэглэ
Сэтгэлдээ надад зай бэлд
Сэмхэн дотроо намайг хүлээ
Одоо чи өөр хүнтэй байлаа ч
Орон дотроо намайг мөрөөд
Хэзээ нэгэн цагт бид учирч
Хэн хэнээ чангаар тэвэрнэ
Хаа нэгтээ бид тааралдаж
Халуу дүүгтэл удаанаар үнсэлцэнэ
2009.12.03 20:52 Токио гэртээ Энхбаяр
24 Nov 2009
Дэрчийлээ

Хүйтэн байна
Өрөө минь хүйтэн байна
Хямдхан байсан
Өргөө минь хямдхан байсан
Токёод арван таван хэм
Нэмэх
Толгойдох чих арван таван хэм
Хасах
Хүйтэн дээрээсээ бороо орж
Хүний үр энд дэрчийх нь
Токёод арван таван хэм
нэмэх
Толгойдох чих хорин таван хэм
Хасах
Чингисийн удам хасарын ач
Чийрэг монгол японд хөлдөж
Дэвэн дэлхийгээр онигоо болоод яахав
Данбоогоо асаая доо
Enkhbayar
Үгүй шүү

Хорь гартлаа ганцаар явсан
Хонгор насаа ганцаар туулсан
Хоёрын оронд нэгээрээ хөрвөөсөн
Хосын өрөөнд нэгээрээ дуулсан
Ганцаараа байхад
Галсансүхээс толь ичэхгүй
Нэгээрээ байхад
Надаас нар зугтаахгүй
Хүслээ хангах гэж
Хүний охинтой үерхэхгүй
Дураа дарах гэж
Дусал ч магтаал унагахгүй
Хайргүй байж
Хамт унтахгүй
Сэтгэлгүй байж
Секс хийхгүй
Ганцаараа байхад ч
Гадаа шувуу жиргэнэ
Нэгээрээ байсан ч
Нэжгээд жаргал олдоно
2009.11.24 гэртээ Энхбаяр
29 Oct 2009
Замбуулин

Газар дэлхийг чичрүүлэх боргиотой
Ган төмрийг нугалах эрчлээтэй
Урсмал нуурны уснаас нь амсав
Уруулд минь харин гуниг мэдрэгдэв
Гол мөрөн гэж би андуурчээ
Гоо үзэсгэлэн гэж би эндүүрчээ
Алгаараа утгаж амандаа хүргэсэн минь
Алагхан замбуулингаас бөмбөрсөн нулимс ажээ
Түмэн зовлонгоос би багахан амтлаад
Түгдрэн балмагдаж хэсэг суув
Сая шаналалаас би өчүүхэн хүртээд
Санаа алдаж бодол бодов ....
Бодол бодон суухад минь
Болор мөнгөн туяа цацруулсан хөгжим сонстов
Санаа алдан суухад минь
Солонгын долоон өнгөт гайхамшигт хөгжим цуурайтав
Гэрэл цацруулсан тэр хөгжим харин
Гэрэлт хорвоогийн инээд байж
Өнгө өнгийн гэрэл цацруулсан тэр хөгжим харин
Өнөөх замбуулингийн инээд байж ...
2009.10.29
20 Oct 2009
Ялаа

Ялаа
Дэмийрсэн бүдүүн ялаа
Дэлхийгээр нэг орилов
Дэрвэгэр хоёр дэлбээ минь
Дэрсхийн нистэл бархирав
Галзуурсан тарган ялаа
Гайхуулан чангаар бархирав
Галтогоо коридор том өрөөгөөр
Ганганан хангинаж бүргэд адил дүүлэв
Байн байн намайг оролдож
Басаж ихээр доромжлов
Үе үе намайг ирвэгнүүлж
Үнэхээр аргыг минь барав
Хайрт минь асан бол
Хариуд нь би гижигдэхсэн
Анд минь асан бол
Андаж байгаад хариуг нь барихсан
Үмхий муу ялаатай юу ярихав
Өөрийнхөө хэмжээг мэдэж
Үх чи ингээд МАЙ !
15 Oct 2009
Би дуртай

Би дуртай
Өглөө бүр би нарыг харах дуртай
Өдөн дэрэн дээрээсээ цонхруу ширтэх дуртай
Наран яг адилхан гийх ч өнөөдөр бол өөр
Намайг яг адилхан ээх ч өнөөдөр бүр ч таатай
Өдөр бүр би тэнгэрийг ширтэх дуртай
Үүлэн доогуур дүүлэн нисэх шувуудыг ажих дуртай
Тэнгэр үргэлж хувирч олон янз болох ч
Тэндээ л жигүүртэн шувууд илүү эрх чөлөөтэй
Орой бүр би оддыг харах дуртай
Онцгой гэрэлтэх нэгэнтэй нь бодлоороо ярилцах дуртай
Одод хааяа үүлэн цаагуур орж надаас нуугдахад
Олон мянгаараа нь гялалздаг Монголоо нь би санан гансрах дуртай
Шөнө бүр би хайртай хүмүүстэйгээ уулзах дуртай
Шүлэг нойрон дахь драмын гол дүрд тоглох дуртай
Найруулагч нь хэн гэдгийг би огтхон ч мэдэхгүй ч
Намайг өнөөдөр Ромео болгооч гэж орон дотроо нууцхан хүсэх дуртай
Өглөө бүр би нарыг харах дуртай
2009.10.15 10 цаг 10 мин Энхбаяр
13 Oct 2009
Орондоо

Орондоо
Орон дотроо би байна
Одоо яг л унтах гэж байна
Уянгын зөөлөн аялгууг би сонсонгоо
Ургуулан бодно гэнэтийн учралыг
Хөнжил дотроо би байна
Хөөрхөн дүү нараа бодож байна
Нүдээ аниад л дүү нараа хархаар
Нүүр минь инээмсэглэлээр дүүрэх юм
Шөнө юу зүүдлэхээ би мэдэхгүй
Шүлэг нойронд хэн айлчлахыг би таахгүй
Бодолд минь одоо сайхан зүйлс л урсана
Болдогсон бол шөнө энийгээ зүүдлээсэй
2009.10.13 22цаг 23 мин орондоо, Энхбаяр
10 Oct 2009
Гитар минь

Гитар минь
Тэнгэр бүүдийж бороо шаагисан
Тэнгис цалгилж шуурга шуугисан
Хөшгөө нээгээд л гунигт автах гаслант өдөр
Хөнжил дотроо би банзан гитараа бариад
Хөгжилтэй нь аргагүй дуу аялна
Наран мандаж дулаахнаар инээсэн
Навчис цэцэглэж сэтгэл сэргэсэн
Өглөө босоод л эрч хүчээр халгих өдөр
Өрөөнийхөө буланд гитартайгаа цуг
Өнгөрсөн явдлаа эргэн санан ганихарна
Гитар минь чи улам намуухан дуугарч
Гэгэлзэх сэтгэлийг минь улам бүр донслуул
Гитар минь чи улам уянгалаг исгэрч
Гэрээ санасан надтай хором ч гэсэн хань бол
Гитар минь
2009.10.10 18:23 гэртээ
3 Oct 2009
Элэнц өвөөдөө бичсэн захидал

Элэнц өвөөдөө бичсэн захидал
Тал дүүрэн адууныхаа урдхан
Танан цагаан гэрийнхээ хажуухан
Өвдөг дээрээ гараа тавьлаад
Өөдөөс дулаахан ширтсэн
Өвөг эцэг таньдаа хүү нь
Өр зүрхний халуун угаас
Үзэг цаас нийлүүлэн захиа бичиж сууна
Бурхны оронд ч та минь
Бусдын адил зүгээр суухгүй
Дээд тэнгэрийн түшмэл болоод
Дэндүү завгүй байна гэж би зүүдэллээ
Амгалангийн оронд ч та минь
Алгуур дэмий үл хэвтэж
Ариун тэнгэрийн мянган хүлгийн сурыг
Амрах завгүй элдэн байна гэж зүүдэллээ
Мөхөс хүү чинь
Мөөмнөөс гарах гэж арван есэн жилийг
Мөн ч их танхил өнгөрөөжээ
Муу хүү чинь
Мундаг эр хүн боллоо хорин хоёр нас гэж бархираад
Мунхаг үйлдлийг олон удаа давтжээ
Ажил ч хичээнгүй занг тань би мэдэх ч
Ашиггүйгээр цагийг олонтоо өнгөрөөжээ
Үүнийг хэлэхдээ хүү нь ичэж байна
Үүнээс цааш хичээнээ...
Үгэндээ байхгүй бол та минь
Үе үе зүүдэнд минь ирж хонгон дээр минь алгадаарай
2009.10.03 гэртээ Токио
Зулзаганууддаа

Айл гэрт хүн нэмэгдэх нь
Алтнаас илүү жаргал билээ
Анир чимээгүй суун зурагт харсан
Амьдралын ердийн орчилийг эвдэж
Ангаахай бялзуухай шиг таван дүү минь
Ар араасаа цувран бидэндээ иржээ
Хамгийн бага нь болж дураар эрхэлсэн
Харцаараа бүгдийг эмээлгэсэн намайгаа
Ах болгож та нар минь ичээсэн
Агаа гэж та нар л намайг дуудсан
Хайртай хайртай гэж шулганалдаад
Хамраа үрчийлгэдэг дүү нар минь
Харь улсад агаа нь сурч буй болхоор
Хацрыг нь үнэрлэж өдөр бүр тоглож чадахгүйд уучлаарай
Тэнгис дахь нэгэн завийг ээж аав чинь гэвэл
Тэрийг хөдөлгөх сэлүүр нь та нар юм шүү
Тээр тэнд гэрэлтэх та нарын аз жаргалруу
Тэвчээр заан өдөр шөнөгүй сэлүүрдэдгийг нь бүү мартаарай
Эмээ өвөөдөө инээд бэлэглэгч
Ээж аавдаа эрч хүч хайрлагч та нар минь
Эрүүл энх өсөж бойжоод
Эх орондоо хэрэгтэй хүмүүн болоорой
2009.10.03 Токио гэртээ,Хосоо-г сагс тоглохоор явсан хойгуур бичив.
30 Sept 2009
Бага эгчдээ

Эртний нэгэн шүлгээ бага зэрэг засаж тавьлаа...
Хорвоо надад хайрлаж эрхэлж ,хамгаалж,сонсож яв хэмээн гурван эрдэнэ заяасан билээ.
Самдан Энхбаяр
Хорвоо надад сонсож яв хэмээн заяасан
Хонгор гурван эрдэнийн минь нэг
Сувдан сондор мэт сайхан эгч минь
Сураг чагнан наддаа санаа зовон сууна уу
Хайраас тань гарсан хатуу үгсийг
Хамгаас хэрэггүй хэмээн мулгуйттдаг байлаа
Харин одоо таны минь хэлсэн угс
Хайрт Дэлдэн Баагийд чинь алт мэт санагднам
Хорвоо надад эрхэл хэмээн заяасан
Хонгор гурван эрдэнийн минь нэг
Шижир алт мэт бага эгч минь
Ширхэг ширхэгээр цасан будрах мэт дуу аяланхан байна уу
Хатгаж байна гэж танд ярдаглаад
Хамт унтахаас зугтаадаг байсан ч
Хаврын хахир аянгат шөнөөр
Хайртай эгчийгээ үгүйлэн ганцаар орондоо хөрвөөн байнам
Хорвоо надад хамгаалж яв хэмээн заяасан
Хонгор гурван эрдэнийн минь нэг
Бадмаараг эрдэнэ мэт сайхан эгч минь
Бадаг бадгаар нутгаа санагалзан шүлэг тэрлэн сууна уу
Хажууд тань байж нөмөр болохыг дүү нь хүснэ
Дэргэд тань байж дэм болохыг дүү нь хүснэ
Хэрэв зээ таныг минь хэн нэгэн гомдоох аваас
Хэн ч байсан дүү нь өршөөхгүй
Хэзээ нэгэн цагт хариугий нь барьна
Энэ үг том хоёр эрдэнэд минь ч хамаатай болохыг
Эрх бяцхан дүү чинь тангараглая
Эмээлээсээ нь өндөр морь гэж үгүй
Эгч нараасаа ачтай дүү гэж үгүйг санаж явна
Энхбаяр
Токио,8 сарын 2 ,18:30мин
Subscribe to:
Posts (Atom)



