14 Jan 2010

Санаж байна


Санаж байна

Хүсээд л харьчихгүй алсын орноос
Хүү нь гэрээ санан үгүйлнэ

Адуу тургилах буйдхан хөдөө талд
Аав минь намайг харуулдан суугаа
Эсгий гэртээ дээлийг минь оён
Ээж минь намайг хүлээж суугаа

Хүсээд л харьчихгүй алсын орноос
Хүү нь гэрээ санан үгүйлнэ

Нүцгэн хөлөөр наадан гүйсэн
Газар шороо минь намайг харуулдан байгаа
Нүүдлийн шувуудын зуурдын диваажин
Гайхамшигт нуур минь намайг хүлээж байгаа

Хүсээд л харьчихгүй алсын орноос
Хүү нь Монголоо санан үгүйлнэ

Бүүвэйлж саатуулсан эгч нар минь
Бүлтгэр дүүгээ хүлээж суугаа
Бүтэхгүй жаалуудаас хамгаалдаг ах нар минь
Битүүхэн дүүгээ харуулдан суугаа

Санаад л харьчихгүй тэртээх орноос
Санаа алдан та нарыгаа үгүйлнэ

Бууж өнгөрсөн овоо болгон
Буцаж ирэхийг минь харуулдан байгаа
Ангаагаа тайлдаг ариун булаг минь
Араас минь хараад хүлээж байгаа

Бодоод л оччихгүй холын орноос
Би нутгаа санан гансран сууна

Худал унахад баярладаг зулзаганууд минь
Хоног тоолон ахыгаа харуулдан суугаа
Мөрөөр татдаг хөөрхөн охин дүү минь
Магнайд хүрээд ахыгаа хүлээж суугаа

Алхаад л харьчихгүй алсын орноос
Ах нь дүү нараа санан үгүйлж байна

Хээр талын ариун салхи
Хззээ ирэхийг минь харуулдан байгаа
Хэнэггүй чангаар орилдог уул
Хүн байна уу гэж ахин дэггүйтэхийг минь хүлээж суугаа



Цамхаад Самдан Энхбаяр 2010.01.14 00:00 цаг Токио