27 Jun 2009

Хүсэл


Үл дуусах зул гэрэл
Үргэлж дэргэд минь байгаасай
Түнэр харанхуйгаас намайг хамгаалж
Түр зуурын салхинд ч бүү бөхөөсэй

Өнгө өнгийн анхилам цэцэгс
Өнөөдрийнхөөрөө үүрд найгаасай
Цаг хугацааны буурал эргэлтэнд гундахгүй
Цаглашгүй жаргаланг үүрд бэлэгдээсэй

Дэрвэн гүйлдэх цайлган охид
Дэндүү муу явдалтан бүү болоосой
Орчлонгийн хамаг харыг цагаанаар будаж
Онцгойрч миний дэргэд үргэлж гэрэлтээсэй

Гал халуун тэмүүлэл зорилго
Гараас минь алдран бүү одоосой
Хором бүр намайг ташуурдан чиглүүлж
Хоёрдох сэтгэлээс үүрд ангид байлгаасай

Талын чинээ хүслээсээ
Тасалж өчүүхнийг бичив
Бичье гэсэн хүсэл минь ч
Битгий надаас зугтаасай

24 Jun 2009

Захиа
Цас хунгарлан хунгарласаар хот цагаан тэрлэг нөмөрсөн мэт болжээ . Айл бүр үүдний хээ дэнг асаан халуухан пийшингийнхээ ойролцоо тухлацгаасан нь ердийн алд шахам урт цонхоор илт харагдана . Яагаад ийм том цонхтой болсныг одоо хүн бүр мартсан бөгөөд саная ч гэж хичээх хүн байхгүй болжээ . Том цонхны цаана энэ хотын хичээнгүй шударга иргэдийн нэг ноён Чигүдэ гэр бүлээрээ ширээгээ тойрон ямар нэгэн хөгжилтэй зүйл ярилцан буй бололтой үе үе чанга инээлдэх нь тодоос тод харагдана .Харин Олоомхуни хотын төв гудамжны мухарт энэ халуун дулаан сайхан уур амьсгалыг нэгэн жаал хүү санаа алдан ажих бөгөөд хааяа гудамжны үзүүрлүү ширвэсхийн харах ажээ .
Хүйтэн жавар хүүг үе үе ороолгох ч , орох газар байхгүй гэх ердийн нэг шалтгаан бус ямар нэгэн ер бусын чухал зүйл түүнийг үүр шөнөөр хэн нэгнийг хүлээлгэх ажээ. Нусаа байн байн татангаа , өөртөө томдсон том малгайгаа нэг янзлаад хүлээлтээ үргэлжлүүлвээ.

Заналхийлэл


Атаархал чи надаас савраа тат
Анд олны минь дунд яс бүү хая
Атигар биеийг чинь би мушгиад
Авсанд хийгээд булшилж орхино шүү чамайг

Шунал чи надаас сүүдрээ ав
Шударга амьдралаас минь шалавхан холд
Шулмын биеийг чинь би сийчээд
Шуумар болгон шатааж орхино шүү чамайг

Уур хилэн чи надаас зай барь
Ухаант бодьгал шинжийг минь араатан бүү болго
Утсан улаан амийг чинь тасар татаад
Устгаж орхино шүү хэнэг ч үгүй

23 Jun 2009

Ширтмээр


Бие холдвол сэтгэл холдоно гэж хэн нэгэн хэзээ ч юм бэ хэлсэн байдаг. Гэхдээ Хэн нэгний хэлсэн дутуу дүгнэлт хэзээ ч өөрт чинь яв цав таарахгүй шүү залуусаа . Үсгийн толгой холбох гэж оролддог нэгний , үхрийн мөөрөхтэй адил бархираан гэж бодоорой дээрх өгүүлбэрийг .
Харин доорх мөртүүд бол хайрандаа шатсан залууг хажуунаас нь хараад би бичсэн юм юм шүү.

Тэвчээртэй хариуг чинь хүлээе гэсэн ч
Тэсэхгүйн ахиад л захиа бичиж сууна
Тэврээд чамайгаа үнсмээр байх юм
Тээр тэнд хол байгаа болхоор төсөөлхөөс өөрийг чадахгүй юмдаа....

Гадаа дулаахан хаврын урь ирсэн ч
Гарах хүсэл ч найзад чинь төрөхгүй юм
Ганцаараа би хаагуур ч явхав дээ
Гагцхүү чамтайгаа л цуг алхахыг хүсэж байгаа юм чинь ...

Сэтгэл гижигдсэн зүггүй инээдийг чинь ахиад нэг
Сэхүүн гэж найзын минь тодорхойлсон царайг чинь ч ахиад нэг
Секси ,бүхнээс секси биеийг чинь ч ахиад нэг
Сэтгүүлийн нүүрэнд ч гоёдох чамайгаа ахиад нэг

Хармаар ,яримаар ,уулзмаар

Хамтдаа алхмаар зугаалмаар

Хамгийн гол нь гарыг чинь атгаад нудийг чинь ширтмээр ...

1 Jun 2009

Хэн бэ ?


Бүтэн сартай нэгэн шөнө нойр хүрэхгүй
Бүр эртний явдал бодогдоод сэтгэл амрахгүй
Жил жилийн цаадахт сэтгэл ч түгших шиг
Сар сарын тэртээхт санаа ч зовох шиг
Гундуу гуай хааяа хаалга тогшино
Гутранги гуай хааяа үүд балбана
Хажууд минь харин өөдрөг гуай байгаа болхоор
Хаалгаа би хэзээ ч тайлж өгөхгүй ээ