24 Jun 2009

Захиа
Цас хунгарлан хунгарласаар хот цагаан тэрлэг нөмөрсөн мэт болжээ . Айл бүр үүдний хээ дэнг асаан халуухан пийшингийнхээ ойролцоо тухлацгаасан нь ердийн алд шахам урт цонхоор илт харагдана . Яагаад ийм том цонхтой болсныг одоо хүн бүр мартсан бөгөөд саная ч гэж хичээх хүн байхгүй болжээ . Том цонхны цаана энэ хотын хичээнгүй шударга иргэдийн нэг ноён Чигүдэ гэр бүлээрээ ширээгээ тойрон ямар нэгэн хөгжилтэй зүйл ярилцан буй бололтой үе үе чанга инээлдэх нь тодоос тод харагдана .Харин Олоомхуни хотын төв гудамжны мухарт энэ халуун дулаан сайхан уур амьсгалыг нэгэн жаал хүү санаа алдан ажих бөгөөд хааяа гудамжны үзүүрлүү ширвэсхийн харах ажээ .
Хүйтэн жавар хүүг үе үе ороолгох ч , орох газар байхгүй гэх ердийн нэг шалтгаан бус ямар нэгэн ер бусын чухал зүйл түүнийг үүр шөнөөр хэн нэгнийг хүлээлгэх ажээ. Нусаа байн байн татангаа , өөртөө томдсон том малгайгаа нэг янзлаад хүлээлтээ үргэлжлүүлвээ.