20 Dec 2008

Чи мэдэх үү


Чи мэдэх үү
Өдий болтол би чамайг үг холбон дүрслээгүйг
Өнгийн харандаагаар ч цаасан дээр зураас холбон буулгаагүйг
Үнэндээ чи дэндүү сайхан болхоор
Үгээр хэлж үзгээр дүрслэшгүй үзэсгэлэлтэй болхоор
Чамайг би дүрслээгүй юм
Чадахгүй боловуу гээд зориг ч хүрээгүй юм

Хоёр мянга


Яг энэ өдрийг би хоёр мянган өдөр хүлээсэн
Ялдам инээмсэглэл ,уянгалаг хоолойг чин төсөөлөлөн
Ядаж хаана байгааг чин мэдэх гэж хоёр мянган өдрийг
Ямар ч охинд зүрхээ өгөлгүй ганцаар орондоо хөрвөөн өнгөрөөсөн

Өнгөт шилнийх нь цаанаас нүд нь бүдэг харагдсан
Өөртөө итгэлтэй булчинлаг залуу таалагддаг гэж
Өөдөөс минь хариулахдаа чи инээж байсан ч
Өөрийн эрхгүй тийм л болохыг мөрөөдөн хоёр мянган өдрийг өнгөрөөсөн

Олон ангитын эсрэг дүрийн хүүхнийг бүгд л үзэн ядаж
Олиггүй амьтан гэж муулдаг болдог бол чи эсрэгээр
Оронд өөрийгөө тавин ойлгохыг хичээдэг байсныг
Одоо болтол кино үзэх бүртээ огтхон ч марталгүй санаж байна

Xөөрхөн дүү минь чамтай амьдаа болхоор
Хөсөр хаяад таг мартая гэсэн ч би чадаагүй
Хөөе ... гэж дуудах бүртээ чамайг санан дурсамж сэдрэн
Хөшөө шиг чамруу л харсаар хоёр мянган өдрийг өнгөрөөсөн

Өнгөрснөө мартан урагш тэмүүлэн
Өөр хэн нэгнийг хайн ол гэж найз минь зөвлөдөг ч
Өөр хэний ч биш чиний л төлөө гэвэл
Өвдөлтийг ч би тоохгүй өөр хоёр мянган өдөр ч надад бол юу ч биш . 2008.12.20 00:30

19 Dec 2008

Жаал хүү зураг зурна


Жаал хүү зураг зурна
Жаргалаар дүүрэн инээмсэглэл зурна
Жаал хүү зураг зурна
Жаахан гараараа хорвоог буулгана

Тэнгэрт мандах наранг
Инээж буйгаар зурна
Тэртээг ширтэх аавыгаа
Инээмсэглэн байгаагаар зурна

Өрлөг саран ээжийгээ
Мишээж буйгаар зурна
Өөрийн бяцхан дүүгээ
Маасайж байгаагаар зурна

Зөрж өнгөрөх ахын нүүрэнд ч
Зөөлөн инээмсэглэлийг харамгүй зурна
Зөвхөн инээмсэглэлийг л зурна
Зөвхөн аз жаргалыг л урлана

Жаал хүү зураг зурна 2008.12.19 23:20

Эр хүн эр хүндээ хайртай


Эр хүн эр хүндээ хайртай гэж
Эр эмийн дундах эрмаа тодорхойлоогүй
Эр хүн эр хүндээ хайртай гэж
Эр хүмүүсийг харсан эмэгтэй хүн ч тунхаглаагүй

Эр хүн эр хүндээ хайртай гэж
Эх орноо хамгаалсан халуун дайны бүлээн нурман дээр
Эрэмгий зоригт андын сүүлчийн үгийг сонсоод
Элгэндээ наан чанга тэврэн тайтгаруулсан эр хүн анх хэлсэн юмаа

Эр хүн эр хүндээ хайртай гэж
Элэг нэгтнээ харийнханд худалдсан зусар бялдууч ноён биш
Энэ Монгол орныхоо тал шиг сэтгэлтэй түвшин буурайнууд минь
Эцгийн ёсоор залуустаа хандан сургаал болгон айлдсан юмаа

Эр хүн эр хүндээ хайртай
Энийг сонсоод бүсгүйчүүл минь бүү гомдоорой
Эрчүүл бидэн чин Монголын үзэсгэлэн гоо нартаа
Ээдээ үгүй мөн хайртайг бүү мартаарай

Гагцхүү ,Хайр гэдэг агуу юм
Харан өнцөгөөсөө юм

Enkhbayar 19:10 2008.12.19

5 Dec 2008

Учрал



Саяхны нэгэн тэргэл сартай шөнө
Саруул ухаант багштай учирч
Орчлон хорвоогийн олон мянган учралаас
Онцолж мартахааргүй яриа өрнүүлвээ

Би өөрөө бурхны шашинтан
Бидний замыг заагч лам багшийг шүтэгч
Битүүхэндээ ер эргэлзэлгүй
Бичсэн тарнийг мянга давтагч гэж би ёслов

Өөдөөс минь харин Богд Зонхов
Өөриймсөг дулаан харцаар мишээгээд
Өд гартаан бариад хоосон дэвж
Өөрийгөө шувуу гэж эндүүрнэм чи гээд яриагаа эхэлвээ .

Уран төгөлдөр бишрэлт яриа нь
Усан тэнэг шиг мухраар сүсэглэлтгүй
Ул суурьтай авцалдаатай ойлгох
Уялдаа холбоогоор гайхалтай байлаа

Багш ,бясалгал , номлол, журам
Бас дээр нь завшаан боломж
Үхэл , хойд нас ,хүний шинж
Үйлийн үр ,буяны зам ,гэгээрэл

Гэх мэтийг тэр надад хүүрнэв
Гэдэсний орилохыг умартан би чагнав
Гартаа атгасан өдөө би хөсөр хаяв
Галуу шиг гуаглаж , хэрээ шиг бархирхыг зогсоовоо.
Энхбаяр

4 Dec 2008

Самуурал


Амьдрал бол кино гэж аясын салхи сэнгэнэсэн
Алдаа дутагдал баяр баяслыг агуулсан драм гэж шивнэсэн
Зарим нэг зандалчанд бол триллер гэж нэмж дүнгэсэн
Завхай нэгнийх нь нүдээр бол эротик гэж айлгүйтсэн

Ай тийм биш андуурч байна
Анги ангиасаа төрөл нь өөрчлөгддөг
Ар араасаа цуварсан олон ангит юм гэж
Алсаас хадны цуурай сонстосон

Амьдрал бол тоглоом гэж бас нэг нь орилсон
Асар хурдан хөдөлгөөн гэж бархирсан
Ахиад олдохгүй боломж ч гэж сануулсан
Амьдралыг амтал залуу минь ч гэж захьсан

Энд тэндээс олон юм сонсогдоно
Элийрч балайрсан юм болов уу
Эцэс төгсгөлгүй бүх зүйлийг өнгөцөөр
Энэ ийм гэж ядмагхан тодорхойлох гэснээс болов уу . Болий доо