13 Jul 2009

Ижийгээн тэврэхсэн


Хар дархад минь үнсэж сэрээдэг ижий минь
Халуурч бүлээрхэд минь усаараан эдгээдэг бурхан минь
Хүү нь таньдаан зөөлөн тэврүүлээд үнсүүлэхийг
Хүү нь таныгаан зөөлөн тэврээд үнэрийг тань мэдэрхийг ямар их хүснэ вэ ...

Бүүвэйн дуу аялсаар ижий минь
Бүхэл шөнөжин дэргэд минь байна гэж зүүдлэв
Үсийг минь зөөлөн илбэсээр ижий минь
Үүр цайтал намайгаан энхрийлэв гэж зүүдлэв

Сэрмээргүй зүүд олон ч
Сэтгэлийг минь амраах нь үүнээс өөр үгүй ээ

Өлсвүү гээд ижий минь наддаан
Өөрийн гараар замбаа гурил зуурч
Хөлс асгарам сүүтэй цайтай цуг
Хүүдээн инээмсэглэн барьж байна гэж зүүдлэв

Амсмаар бал бурам олон ч
Атга энэ гурил шиг амттан хаана ч үгүй ээ

Дутуу унтсан намайгаан ижий минь
Дулаахан хөнжлөөр хучиж байна гэж зүүдлэв
Унтаж байхад минь хайр бялхсан харцаар ажиж
Уруулаараа зөөлөн үнсээд унтахаар явлаа гэж ижийгээн зүүдлэв

Хайрлуулах хэдий сайхан ч
Хамгаас тааламжтай нь үүнээс өөр хаана ч үгүй ээ

Би ижийгээн тэвэрч байна гэж зүүдлэв
Би ээждээ нь үнсүүлж байна гэж зүүдлэв .
Ээждээ л хурдан очихсон
Эрхэлж хурдан үнсүүлэхсэн

10 Jul 2009

Мартахгүй

Хорвоогийн хаана очсон ч би чамайг мартахгүй
Хоног өдөр там байсан ч би мартахыг ч хичээхгүй
Хойд насанд чинь заавал гэж бурхан надад амалсан ч
Хонгор минь би яасан ч тайвширч чадахгүй

Эргээд ирэхгүй хаашаа ч явсан би чамайг санаж
Элсэн далайд бүдэчсээр хамаг насыг барна
Буцаад ирэхгүй хаашаа ч явсан би чамайг харуулдаж
Бурхан дуудсан ч би эндээ л чамайг хүлээнэ

Үзэсгэлэнт дагина минь чи хаана байна
Үлгэр үргэлж сайхнаар төгсдөг
Үүрд амар сайхандаа жаргадаг
Үүнд л би бат итгэсээр үлгэр шиг учралаа хэзээ ч мартахгүй ээ

27 Jun 2009

Хүсэл


Үл дуусах зул гэрэл
Үргэлж дэргэд минь байгаасай
Түнэр харанхуйгаас намайг хамгаалж
Түр зуурын салхинд ч бүү бөхөөсэй

Өнгө өнгийн анхилам цэцэгс
Өнөөдрийнхөөрөө үүрд найгаасай
Цаг хугацааны буурал эргэлтэнд гундахгүй
Цаглашгүй жаргаланг үүрд бэлэгдээсэй

Дэрвэн гүйлдэх цайлган охид
Дэндүү муу явдалтан бүү болоосой
Орчлонгийн хамаг харыг цагаанаар будаж
Онцгойрч миний дэргэд үргэлж гэрэлтээсэй

Гал халуун тэмүүлэл зорилго
Гараас минь алдран бүү одоосой
Хором бүр намайг ташуурдан чиглүүлж
Хоёрдох сэтгэлээс үүрд ангид байлгаасай

Талын чинээ хүслээсээ
Тасалж өчүүхнийг бичив
Бичье гэсэн хүсэл минь ч
Битгий надаас зугтаасай

24 Jun 2009

Захиа
Цас хунгарлан хунгарласаар хот цагаан тэрлэг нөмөрсөн мэт болжээ . Айл бүр үүдний хээ дэнг асаан халуухан пийшингийнхээ ойролцоо тухлацгаасан нь ердийн алд шахам урт цонхоор илт харагдана . Яагаад ийм том цонхтой болсныг одоо хүн бүр мартсан бөгөөд саная ч гэж хичээх хүн байхгүй болжээ . Том цонхны цаана энэ хотын хичээнгүй шударга иргэдийн нэг ноён Чигүдэ гэр бүлээрээ ширээгээ тойрон ямар нэгэн хөгжилтэй зүйл ярилцан буй бололтой үе үе чанга инээлдэх нь тодоос тод харагдана .Харин Олоомхуни хотын төв гудамжны мухарт энэ халуун дулаан сайхан уур амьсгалыг нэгэн жаал хүү санаа алдан ажих бөгөөд хааяа гудамжны үзүүрлүү ширвэсхийн харах ажээ .
Хүйтэн жавар хүүг үе үе ороолгох ч , орох газар байхгүй гэх ердийн нэг шалтгаан бус ямар нэгэн ер бусын чухал зүйл түүнийг үүр шөнөөр хэн нэгнийг хүлээлгэх ажээ. Нусаа байн байн татангаа , өөртөө томдсон том малгайгаа нэг янзлаад хүлээлтээ үргэлжлүүлвээ.

Заналхийлэл


Атаархал чи надаас савраа тат
Анд олны минь дунд яс бүү хая
Атигар биеийг чинь би мушгиад
Авсанд хийгээд булшилж орхино шүү чамайг

Шунал чи надаас сүүдрээ ав
Шударга амьдралаас минь шалавхан холд
Шулмын биеийг чинь би сийчээд
Шуумар болгон шатааж орхино шүү чамайг

Уур хилэн чи надаас зай барь
Ухаант бодьгал шинжийг минь араатан бүү болго
Утсан улаан амийг чинь тасар татаад
Устгаж орхино шүү хэнэг ч үгүй

23 Jun 2009

Ширтмээр


Бие холдвол сэтгэл холдоно гэж хэн нэгэн хэзээ ч юм бэ хэлсэн байдаг. Гэхдээ Хэн нэгний хэлсэн дутуу дүгнэлт хэзээ ч өөрт чинь яв цав таарахгүй шүү залуусаа . Үсгийн толгой холбох гэж оролддог нэгний , үхрийн мөөрөхтэй адил бархираан гэж бодоорой дээрх өгүүлбэрийг .
Харин доорх мөртүүд бол хайрандаа шатсан залууг хажуунаас нь хараад би бичсэн юм юм шүү.

Тэвчээртэй хариуг чинь хүлээе гэсэн ч
Тэсэхгүйн ахиад л захиа бичиж сууна
Тэврээд чамайгаа үнсмээр байх юм
Тээр тэнд хол байгаа болхоор төсөөлхөөс өөрийг чадахгүй юмдаа....

Гадаа дулаахан хаврын урь ирсэн ч
Гарах хүсэл ч найзад чинь төрөхгүй юм
Ганцаараа би хаагуур ч явхав дээ
Гагцхүү чамтайгаа л цуг алхахыг хүсэж байгаа юм чинь ...

Сэтгэл гижигдсэн зүггүй инээдийг чинь ахиад нэг
Сэхүүн гэж найзын минь тодорхойлсон царайг чинь ч ахиад нэг
Секси ,бүхнээс секси биеийг чинь ч ахиад нэг
Сэтгүүлийн нүүрэнд ч гоёдох чамайгаа ахиад нэг

Хармаар ,яримаар ,уулзмаар

Хамтдаа алхмаар зугаалмаар

Хамгийн гол нь гарыг чинь атгаад нудийг чинь ширтмээр ...

1 Jun 2009

Хэн бэ ?


Бүтэн сартай нэгэн шөнө нойр хүрэхгүй
Бүр эртний явдал бодогдоод сэтгэл амрахгүй
Жил жилийн цаадахт сэтгэл ч түгших шиг
Сар сарын тэртээхт санаа ч зовох шиг
Гундуу гуай хааяа хаалга тогшино
Гутранги гуай хааяа үүд балбана
Хажууд минь харин өөдрөг гуай байгаа болхоор
Хаалгаа би хэзээ ч тайлж өгөхгүй ээ

21 May 2009

Одоохон ...



Сонс анд минь чи намайг
Солгой бодлын дунд тэнтчих миний
Согтуудаа нь биш эрүүлдээ
Солиорсондоо биш бачуурсандаа нь гаргасан үгсийг минь
Сонс анд минь чи сонс

Үгссэн мэт бөөгнөрч чуулаад
Үүлс тэнгэрийг халхалхад
Үүрд энэ хэвээр үлдэх мэтээр
Үзэсгэлэнт хөх тэнгэрээ нь санан гансранам ...

Зуун зууны өмнө ухаантнууд
Зуурдынх гэж хэлсэн байтал
Тэвчээрийн утсыг минь хөрөөдөх чимээ
Тэнд хол биш энд хангинаж байна

Мянга мянганы өмнө мэргэдүүд
Мятаршгүй хүлээ гэж айлдсан байтал
Цагийн урт зүүний хөдлөх чимээ
Цавчиж байна тэвчээрийн гинжийг минь

Би тэнгэрийн цагаан амьтан биш
Би тэнгэсийн ховор загас биш
Би нэвтэрсэн бумба биш, лам ч биш
Би нээг их ухаантан ч бишээ

Гэхдээ

Нэг сэхээд хэсэг жаргадаг
Нэжгээд жаргаад нэвсхийн ойчдог
Орчлонгийн жам одоо ч үйлчилнэ
Оддын гялалзах нь өдөр л үл харагдана

Одоо удахгүй Монголын цаг ирнэ ...
Орос Хятадын хоорондох зөөлөн сэндвич
Очир эрдэнэнээс илүү хатуу самар болно
Одоо удахгүй Монголын цаг ирнэ ....Одоохон


2009.05.21 19:15 gertee Tokyo

6 May 2009

Яваад очноо


Хааяа хааяадаа залгах нь ихсэж ээж минь
Хар дарж муугаар зүүдлээ болов уу муу хүүгээ
Үе үехэн залгах нь ихсэж ээж минь
Үр минь яагаад аниргүй байна гэж элдвийг бодоо болов уу

Эрх хүү нь сайн байна
Ээж минь та санаа бүү зовоорой
Алс хол байхын зовлонг багасган хүү чинь
Амралтаараа удахгүй яваад очноо Монголдоо

Хол явааг минь аав минь та хааяа мартаад
Хоол тавьсан уу гэж шалгааж орхидог болов уу
Хонуудаар хүү нь олон жил явсан ч аав минь
Хонх дараад хүүгээ ороод ирнэ гэж андуурдаг байхдаа

Алгын чинээ хүү тань том болсоон
Ааваа хүү нь ирлээ гээд нэг л өдөр
Алс хол байхын зовлонг арилган
Яваад очноо тун удахгүй

Өрөөндөө , орондоо . 2009.0506 00:09

5 May 2009

Эрхэм хүндэт новш


Шүүмжлэлээр гангалсан доромжлолыг
Шүтээнээр гангалсан бугийг ч
Шударгаар гангалсан боолчлолыг ч
Шулуухнаар гангалсан аархалыг ч

Бүх ноён Гангааг модонд өлгөөд галаар шарах юмсан

Хайраар гоёсон шуналыг ч
Харууслаар гоёсон арчаагүйг ч
Зоригоор гоёсон тэнэглэлийг ч
Зоосоор гоёсон тэнэгийг ч тэр

Бүх хатагтай Гоогоог усанд живүүлж далайд шидэх юмсан

Царайгаараа чимсэн шуламыг
Цагаар чимсэн цуст гарыг ч
Өдөөр чимсэн хоосон яриаг ч
Өнгө өнгөөр будсан бүх худал хуурмагийг ч тэр

Энэ бүх эрхэм хүндэт новшнуудыг
Эгнүүлж суулгаад зад буудах юмсан

Өрөөндөө 2009.05.05 20:05

Тайчигч


Энэ мөрүүд
Босоо төмөрнөөс сармагчин адил дүүжлэгдэн савлаад
Богино банзлаа тайчин шидэх хүүхний тухай биш
Болохгүй бүхнийг байгаагаар нь тайчин харуулдаг
Бодлогогүй гэж надад адлуулдаг андын минь тухай юмаа

Энэ мөрүүд
Бурхнаас заяасан сайхан биеэ гайхуулан найгаж
Бундан зүрхэнд үхлийн сум зоогч гоо охидын тухай биш
Бусдын болохгүйг надаас түрүүлж хараад чангаар
Буруу байна гэж нүцгэнээр нь дэлгэдэг андын минь тухай юмаа

Өнгөрсөнд чи үргэлж миний дэргэд
Өө сэвийн тухай өгүүллэг уншиж бас орилж
Өнгө өнгөөр алагласан тэр хувсцыг нь
Өөрийн улаан гараар урж бас тасддагсан

Урьд чи үргэлж миний дэргэд
Уран яруугаар ухуулан сэхээрүүлж бас ойлгуулж
Уянгын халилтай мансууруулагч хөгжмийг нь
Улиг болсон өөрийн гитараар сольж орхидогсон


Одоо харин анд минь чи алга
Орчлон хорвоо дээр чиний орон зай дутуу
Огоорч гэгээрэгсэд гэгч нь тайчих гэж оролдовч
Огт найз нь итгэж чадахгүй нь тэд хэн ч юм билээ

Өрөөндөө 2009.05.05 17:16

11 Apr 2009

Goodnight


Xонгорхон минь чи сайхан нойрсоорой
Xорвоо дээрх бүхий л сайхныг зүүдлэн тухтай амраарай
Xажууд чинь би байхгүй болхоор чи минь
Xар дарахгүй гэж надад амлаач

Энхрийхэн минь чи сайхан нойрсоорой
Энэ захиаг одоо уншихгүй байсан ч
Элдэв аягуй зүүд бүү зүүдлээсэй хэмээн
Эндээс найз нь шүлгээрээ бүүвэйлэе

Янагхан минь чи сайхан нойрсоорой
Ямар нэгэн таагүй бараан зүйл бус
Яриа дэлгэн надтай инээлдэн утсаар ярьсан мөчөө
Яг тэр уед оччихсон юм шиг бодон унтаарай

Царайлагхан минь чи сайхан нойрсоорой
Цав цагаанаар бүхнийг зураглаад
Цаашдийн өдрөө өөдрөгөөр төсөөлөөд
Цалин мөнгөн онгоцондоо суун зүүдний орныг зориорой

Сарнайхан минь чи сайхан нойрсоорой
Санан санан намайгаа мөрөөдөөд
Сар жилуууд хурдан өнгөрөхийг хүсэмжлээд
Сайхан тэр уулзах мөчөө бодон унтаарай

Уулзах хүртлээ би чамайг хар дарахыг
Урт шөнийг ганцаар айн өнгөрөөхийг зөвшөөруөхгүй
Харин хамтдаа байх үедээ би зуудэнд чинь санаа зовохгүй
Хажууд чинь би байх болхоор зөөлөн тэврэн чамайгаа тайвшруулна