13 Oct 2009

Орондоо


Орондоо

Орон дотроо би байна
Одоо яг л унтах гэж байна
Уянгын зөөлөн аялгууг би сонсонгоо
Ургуулан бодно гэнэтийн учралыг

Хөнжил дотроо би байна
Хөөрхөн дүү нараа бодож байна
Нүдээ аниад л дүү нараа хархаар
Нүүр минь инээмсэглэлээр дүүрэх юм

Шөнө юу зүүдлэхээ би мэдэхгүй
Шүлэг нойронд хэн айлчлахыг би таахгүй
Бодолд минь одоо сайхан зүйлс л урсана
Болдогсон бол шөнө энийгээ зүүдлээсэй

2009.10.13 22цаг 23 мин орондоо, Энхбаяр

10 Oct 2009

Гитар минь


Гитар минь

Тэнгэр бүүдийж бороо шаагисан
Тэнгис цалгилж шуурга шуугисан
Хөшгөө нээгээд л гунигт автах гаслант өдөр
Хөнжил дотроо би банзан гитараа бариад
Хөгжилтэй нь аргагүй дуу аялна

Наран мандаж дулаахнаар инээсэн
Навчис цэцэглэж сэтгэл сэргэсэн
Өглөө босоод л эрч хүчээр халгих өдөр
Өрөөнийхөө буланд гитартайгаа цуг
Өнгөрсөн явдлаа эргэн санан ганихарна

Гитар минь чи улам намуухан дуугарч
Гэгэлзэх сэтгэлийг минь улам бүр донслуул
Гитар минь чи улам уянгалаг исгэрч
Гэрээ санасан надтай хором ч гэсэн хань бол

Гитар минь

2009.10.10 18:23 гэртээ

3 Oct 2009

Элэнц өвөөдөө бичсэн захидал


Элэнц өвөөдөө бичсэн захидал

Тал дүүрэн адууныхаа урдхан
Танан цагаан гэрийнхээ хажуухан
Өвдөг дээрээ гараа тавьлаад
Өөдөөс дулаахан ширтсэн
Өвөг эцэг таньдаа хүү нь
Өр зүрхний халуун угаас
Үзэг цаас нийлүүлэн захиа бичиж сууна
Бурхны оронд ч та минь
Бусдын адил зүгээр суухгүй
Дээд тэнгэрийн түшмэл болоод
Дэндүү завгүй байна гэж би зүүдэллээ
Амгалангийн оронд ч та минь
Алгуур дэмий үл хэвтэж
Ариун тэнгэрийн мянган хүлгийн сурыг
Амрах завгүй элдэн байна гэж зүүдэллээ
Мөхөс хүү чинь
Мөөмнөөс гарах гэж арван есэн жилийг
Мөн ч их танхил өнгөрөөжээ
Муу хүү чинь
Мундаг эр хүн боллоо хорин хоёр нас гэж бархираад
Мунхаг үйлдлийг олон удаа давтжээ
Ажил ч хичээнгүй занг тань би мэдэх ч
Ашиггүйгээр цагийг олонтоо өнгөрөөжээ
Үүнийг хэлэхдээ хүү нь ичэж байна
Үүнээс цааш хичээнээ...
Үгэндээ байхгүй бол та минь
Үе үе зүүдэнд минь ирж хонгон дээр минь алгадаарай

2009.10.03 гэртээ Токио

Зулзаганууддаа


Айл гэрт хүн нэмэгдэх нь
Алтнаас илүү жаргал билээ
Анир чимээгүй суун зурагт харсан
Амьдралын ердийн орчилийг эвдэж
Ангаахай бялзуухай шиг таван дүү минь
Ар араасаа цувран бидэндээ иржээ
Хамгийн бага нь болж дураар эрхэлсэн
Харцаараа бүгдийг эмээлгэсэн намайгаа
Ах болгож та нар минь ичээсэн
Агаа гэж та нар л намайг дуудсан
Хайртай хайртай гэж шулганалдаад
Хамраа үрчийлгэдэг дүү нар минь
Харь улсад агаа нь сурч буй болхоор
Хацрыг нь үнэрлэж өдөр бүр тоглож чадахгүйд уучлаарай
Тэнгис дахь нэгэн завийг ээж аав чинь гэвэл
Тэрийг хөдөлгөх сэлүүр нь та нар юм шүү
Тээр тэнд гэрэлтэх та нарын аз жаргалруу
Тэвчээр заан өдөр шөнөгүй сэлүүрдэдгийг нь бүү мартаарай
Эмээ өвөөдөө инээд бэлэглэгч
Ээж аавдаа эрч хүч хайрлагч та нар минь
Эрүүл энх өсөж бойжоод
Эх орондоо хэрэгтэй хүмүүн болоорой

2009.10.03 Токио гэртээ,Хосоо-г сагс тоглохоор явсан хойгуур бичив.

30 Sept 2009

Бага эгчдээ


Эртний нэгэн шүлгээ бага зэрэг засаж тавьлаа...



Хорвоо надад хайрлаж эрхэлж ,хамгаалж,сонсож яв хэмээн гурван эрдэнэ заяасан билээ.
Самдан Энхбаяр


Хорвоо надад сонсож яв хэмээн заяасан
Хонгор гурван эрдэнийн минь нэг
Сувдан сондор мэт сайхан эгч минь
Сураг чагнан наддаа санаа зовон сууна уу

Хайраас тань гарсан хатуу үгсийг
Хамгаас хэрэггүй хэмээн мулгуйттдаг байлаа
Харин одоо таны минь хэлсэн угс
Хайрт Дэлдэн Баагийд чинь алт мэт санагднам

Хорвоо надад эрхэл хэмээн заяасан
Хонгор гурван эрдэнийн минь нэг
Шижир алт мэт бага эгч минь
Ширхэг ширхэгээр цасан будрах мэт дуу аяланхан байна уу

Хатгаж байна гэж танд ярдаглаад
Хамт унтахаас зугтаадаг байсан ч
Хаврын хахир аянгат шөнөөр
Хайртай эгчийгээ үгүйлэн ганцаар орондоо хөрвөөн байнам

Хорвоо надад хамгаалж яв хэмээн заяасан
Хонгор гурван эрдэнийн минь нэг
Бадмаараг эрдэнэ мэт сайхан эгч минь
Бадаг бадгаар нутгаа санагалзан шүлэг тэрлэн сууна уу

Хажууд тань байж нөмөр болохыг дүү нь хүснэ
Дэргэд тань байж дэм болохыг дүү нь хүснэ
Хэрэв зээ таныг минь хэн нэгэн гомдоох аваас
Хэн ч байсан дүү нь өршөөхгүй
Хэзээ нэгэн цагт хариугий нь барьна

Энэ үг том хоёр эрдэнэд минь ч хамаатай болохыг
Эрх бяцхан дүү чинь тангараглая
Эмээлээсээ нь өндөр морь гэж үгүй
Эгч нараасаа ачтай дүү гэж үгүйг санаж явна
Энхбаяр
Токио,8 сарын 2 ,18:30мин



Хэрэв цонхоор үлээх зөөлөн салхи
Хэзээ нэгэн цагт чамд хүрэх бол
Хэцүү бэрх замыг туулан очих бол
Хэнд ч хэлээгүй тэр л үгийг түүнд дайя ......

2009.09.30

28 Sept 2009

Тай-нууд


Тай-нууд

Долгиолох голын намуухан эгшиглэн
Долоон өнгийн солонготой
Дотны хүний энгүүхэн яриа
Долоон үедээ дуурсгалтай

Хөдөө талын онгон салхи
Хөгжим адил сонсголонтой
Хөөрхөн охидын цангинасан инээд
Хөндүүр зүрхэнд баясгалантай

Өтгөн ойн сувдан исгэрээ
Өнчин бодолд ноёлоостой
Өөртөө хаягласан дурлалын шуудан минь
Өргөс адил зовиуртай

2009.09.28 номын санд Энхбаяр

27 Sept 2009

Бүү ич


Бүү ич


Дэргэд чинь яг одоо ээж чинь байвал
Дэндүү их хайртай гээд хацар дээр нь үнс
Ухаангүй хайртайг ээж чинь мэдэх ч
Улам их баярланаа хайртай гэж хэлээрэй

Хажууд чинь одоо аав чинь байвал
Хамгаас хайртай гээд зөөлөн тэвэр
Хязгааргүй хайртайг аав чинь мэдэх ч
Хэлэх бүрт чинь улам бүр залуужнаа

Хоёр бурхан чинь хорвоо дээр байвал
Хожимдолгүй шуудхан хэл хайртай гэж
Хэл эвлэж амнаас гарахгүй шалтгааныг
Хэлээд аль чи чадах уу

Амьддаа нь бие биенээ хайрла гэж ухаантан хэлсэн
Амьддаа хайртайгаа илэрхийлэхээсээ бүү ичээ гэж би нэмэрлэе

Аяа бидний залуус ичих зүйлээсээ ичдэг билүү
Адын авир гаргаж муухай харьцахаас зугтаадаг билүү
Сунаж мөргөхөөс огтхон ч ичдэггүй нь хэд билээ
Шуудхан буруугаа хүлээдэг нь хэд билээ
Хайраа шуудхан илэрхийлдэг нь хэд билээ
Хамт байхдаа хайрлаж чаддаг нь ч хэд билээ.. Монголруу залгая даа

2009.09.27 Enkhbayar

26 Sept 2009

Шөнө дунд тэрлэсэн нь


Шөнө дунд тэрлэсэн нь

Эрээн болсон зузаан ноорогноос
Энгийн таталсан үгс тодров
Эртний гэнэхэн дурсамж дундаас
Энхрий түүний царай гэрэлтэв
Харц чинь надруу сум харваагүй
Харин оронд нь гранат шидсэн
Нүд чинь зүрхэнд минь сум зоогоогүй
Нүцгэн цээжин дээр минь мина дэлбэлсэн
Бас болоогүй ээ чи ханаагүй
Бага багаар өөртөө намайг дасгасан
Тэгээд зогсоогүй ээ чи орхиогүй
Тэвэрч үнсээд намайг тамд унагасан ....

2009.09.25 Токио гэртээ Цамхаад Энхбаяр

Шүлэг


Шүлэг

Шүлэггүйгээр би амьдарч чадахгүй
Шөнө унтаж өдөр ажиллаж чадахгүй
Эсрэгээр нь ч би хийж чадахгүй
Энэ үзэг дэвтэргүй бол би амьдарч чадахгүй
Өөр хэн ч ойлгохгүй
Өдрийн тэмдэглэл минь
Өрөөлд уншуулж таашаал аваагүй
Өнгөрснийг өгүүлэгч толь минь
Зуун дамнасан найрагчдыг чи л би болгож
Эрин хэсэн тэдний бодлыг чи л тэтгэдэг
Яах гэж бичдэгээ мэддэг хүн байна уу
Яагаад тэрлэдэгээ ухаардаг хүн бий болов уу
Энгийн яриаг хүн сонсдоггүй
Элдвийн яриаг хүн хайхардаггүй
Уншаад сэтгэл хөдөлдөг болхоор уу
Уулзаад сэрэл сэргээдэг учраас уу

2009.08.05 Токио-УБ -н онгоцонд Цамхаад Энхбаяр

13 Jul 2009

Ижийгээн тэврэхсэн


Хар дархад минь үнсэж сэрээдэг ижий минь
Халуурч бүлээрхэд минь усаараан эдгээдэг бурхан минь
Хүү нь таньдаан зөөлөн тэврүүлээд үнсүүлэхийг
Хүү нь таныгаан зөөлөн тэврээд үнэрийг тань мэдэрхийг ямар их хүснэ вэ ...

Бүүвэйн дуу аялсаар ижий минь
Бүхэл шөнөжин дэргэд минь байна гэж зүүдлэв
Үсийг минь зөөлөн илбэсээр ижий минь
Үүр цайтал намайгаан энхрийлэв гэж зүүдлэв

Сэрмээргүй зүүд олон ч
Сэтгэлийг минь амраах нь үүнээс өөр үгүй ээ

Өлсвүү гээд ижий минь наддаан
Өөрийн гараар замбаа гурил зуурч
Хөлс асгарам сүүтэй цайтай цуг
Хүүдээн инээмсэглэн барьж байна гэж зүүдлэв

Амсмаар бал бурам олон ч
Атга энэ гурил шиг амттан хаана ч үгүй ээ

Дутуу унтсан намайгаан ижий минь
Дулаахан хөнжлөөр хучиж байна гэж зүүдлэв
Унтаж байхад минь хайр бялхсан харцаар ажиж
Уруулаараа зөөлөн үнсээд унтахаар явлаа гэж ижийгээн зүүдлэв

Хайрлуулах хэдий сайхан ч
Хамгаас тааламжтай нь үүнээс өөр хаана ч үгүй ээ

Би ижийгээн тэвэрч байна гэж зүүдлэв
Би ээждээ нь үнсүүлж байна гэж зүүдлэв .
Ээждээ л хурдан очихсон
Эрхэлж хурдан үнсүүлэхсэн

10 Jul 2009

Мартахгүй

Хорвоогийн хаана очсон ч би чамайг мартахгүй
Хоног өдөр там байсан ч би мартахыг ч хичээхгүй
Хойд насанд чинь заавал гэж бурхан надад амалсан ч
Хонгор минь би яасан ч тайвширч чадахгүй

Эргээд ирэхгүй хаашаа ч явсан би чамайг санаж
Элсэн далайд бүдэчсээр хамаг насыг барна
Буцаад ирэхгүй хаашаа ч явсан би чамайг харуулдаж
Бурхан дуудсан ч би эндээ л чамайг хүлээнэ

Үзэсгэлэнт дагина минь чи хаана байна
Үлгэр үргэлж сайхнаар төгсдөг
Үүрд амар сайхандаа жаргадаг
Үүнд л би бат итгэсээр үлгэр шиг учралаа хэзээ ч мартахгүй ээ