Бурхан өөртөө тусладаг хүнд л тусладаг
11 Apr 2014
Дөрвөн сарын бороо
Дөрвөн сарын шиврээ бороонд сэтгэл гэгэлзэнэ
Дөнгөж аялсан шивнээ салхинд нь бодол сэвэлзэнэ...
Харамлан унагах дусал дуслыг чинь би цэцэг адил түүгээд
Хайраар дутсан бүхэнд халуун сарнай болгон барихсан...
Дөрвөн сарын анхилуун бороонд одод мансуурна
Дүүлэн шумбах учралын бүжгэнд нь саран согтуурна
Эгэлгүй сайхан нисэн орох ширхэг ширхэгийг чинь би нандигнан хадгалаад
Эвдэрсэн зүрх бүхэнд итгэл болгон бэлэглэхсэн...
Дөрвөн сарын шөнийн бороо гунигт автуулна
Дүрслэн хөгжимдөх чимээ анир нь далайд умбуулна
Чамаас уянгалах харуусал бүрийг дуу болгон бичээд
Чимээгүй хааяа заримынх нь чихэнд тавин сонсгохсон...
Дөрвөн сарын энэ нэгэн бороонд нойр хулжина
Дөлж одсон ахиж ирэхгүйн хариуд мөрөөдөл баяжина
Унахдаа уусах хоромхон зуураас ухаарлыг мэдэрч
Урсахдаа татуулах зам бүрээс чинь уучлалыг ойлгоно....
2014.04.11
11 Oct 2013
Согтуу
Хайр бол намар
Намар ирнэ
Намар явна
Намар бол гуниг
Гуниг дуулдаг
Гуниг уйлдаг
Гуниг бол дарс
Дарс амттай
Дарс гашуун
Дарс бол бүжиг
Бүжиг баясам
Бүжиг мансуурам
Бүжиг бол сэтгэл
Сэтгэл гэнэн
Сэтгэл уян
Сэтгэл бол завь
Завь залуургүй
Завь далбаагүй
Завь бол итгэл
Итгэл дуусахгүй
Итгэл бөхөхгүй
Итгэл бол тархи
Тархи бодолхийлнэ
Тархи мэдэмхийрнэ
Тархи бол би
Би мөс
Би гал
Би ингэхэд хайр уу?
4 Oct 2012
13 Jun 2012
Зүрх гэдэг зөрүүд эрхтэн
Сэм сэмхэн бодолд автуулна
Үе үехэн зөрчилд умбуулна
Сэрүүн салхины өмнөөс
Сөрж чи алхуулна
Сэтгэл гэдэг гэнэн эрхтэн
Өнгөрсөнд очиж инээд алдана
Өнөөдөртөө ирж санаа алдана
Магад үнэнээс тасран одож
Маргаашт горьдож чимээгүй хүлээнэ
Сэтгэл гэдэг тэнэг эрхтэн
Онгойлгож болохгүй хаалгыг
Онгичиж балбаж нээчихээд
Одоо би гарч чадахгүй нь гэж
Орь дуу тавин орилно
Зүрх гэдэг дураараа эрхтэн
Үг гэдэг өөрийгөө илэрхийлэх
Үйлдэл гэдэг үнэнийг өгүүлэх
Үүнд итгэж ядан
Үүл шиг замхарч одно 28 Oct 2010
Гэнэхэн байна даа
Гэнэхэн байна даа
Цас чи дээрээс зөөлөн будрахдаа
Цагаанаар бүхнийг будна гэж сэтгээ юу
Цайлган байна даа цайлган байна
Хар санаа хээрийн түймэр болон тархаж
Хаа сайгүй орилолдон бүжиж байна
Бороо чи дээрээс шиврэхдээ
Бохир бүхнийг угаана гэж бодоо юу
Болоогүй байна даа болоогүй байна
Шулам дүрт шуналын сэтгэл цаана чинь
Шүхэр дор алгаа ташин дэвхцэж байна
Салхи чи аяархан сэвэлзэхдээ
Саар бүхнийг хийсгэнэ гэж санаа юу
Гэнэн байна даа гэнэн байна
Баг өмссөн адын бодол цаана чинь
Байшин дотроо чамайг шоолон инээлдэж байна
2010.10.28 Токио гэртээ. Энка Энхбаяр
2 Oct 2010
Хяргас нуур
Газар дэлхийд ойсон номин хөх тэнгэр
Галуу шувууд цугласан номхон дөлгөөн рашаан
Хүмүүн заяаг тэтгэх хүслийн хязгаар шиг Хяргас нуур
Хүлээхийн жаргалыг амсуулах холын хайртай амин нуур
Эхийн хэвлий дэх арван сарыг сануулах эрдэнэ минь
Ээжийн аялах зөөлөн бүүвэйг хөгжимдөх долгио минь
Эргээд хоёулаа удахгүй ээж хүү шиг уулзая даа
2010.08.18 Хяргас нуур, Хэцүү хад
7 Feb 2010
Чимээ...
5 Feb 2010
Ирээдүйн найз охиндоо

Ирээдүйн найз охиндоо
Эрхэм хүндэт Энхбаярын найз охин чамд
Энэ өдрийн мэнд хүргэе
Анд минь араас чинь
Утас шиг хөвөрсөн эсэх
Аль эсвэл чи өмнө нь
Ухаан балартсан эсэх
Энэ бүгдийг би асуухгүй ээ
Энхбаяртай л чи одоо цуг байвал болох нь тэр
Хайрт хүндэт Энхбаярын найз охин чамд
Хацар дүүрэн инээмсэглэлээр бэлэг барья
Хайртай гэж шууд хэлэхдээ
Наадах чинь маруухан
Хамаг сэтгэлээ уудлахдаа
Наадах чинь хайнгадуухан
Үсийг чинь үнэрлээд зөөлөн илбэх бүрт
Үг хүлээлгүй хайртай гэдгийн санаарай
Үүрдийн нөхөр Энхбаярын минь найз охин чамайг
Үнэн сэтгэлийн угаас чанга тэврэе
Чамтай уулзатлаа бичсэн шүлэг бүрээс нь
Чанга хатуугаар эзнийг нь бүү нэхээрэй
Үнэндээ найз минь шүлэглэхээс бусдыг чадаагүй юм
Үүр шөнийн ододтой ярилцахаас бусдыг хийгээгүй юм
Арьсаа хамгаалах гэж би бичсэнгүй
Андыг минь илүү ихээр хайрлаарай
2010.02.05 20:00 Токио Энхбаяр
20 Jan 2010
Асуулт

Асуулт
Чиний бодлын байшин дахь
Миний нэгэн өрөө
Чинь зүрхний угаас
Чимж гоёсон тасалгаа юу
Чиний бодлын байшин дахь
Миний нэгэн өрөө
Чамд эртний зүйлийг
Чандалж хадгалсан агуулах уу
Чиний бодлын байшин дахь
Миний нэгэн өрөө
Цэнгэг агаар хааяа амьсгалах
Цэвэрхэн бяцхан тагт уу
Чиний бодлын байшин дахь
Миний нэгэн өрөө
Цааш алхаж зүрхлэмгүй
Цаг зуурын коридор уу
Чиний бодлын байшин дахь
Миний нэгэн өрөө
Бусдад харуулалгүй хаасан
Булангийн цоожтой шүүгээ юу
Чиний бодлын байшин дахь
Миний нэгэн өрөө
Биеэн барилгүй долгиолон
Вино шимэлцэх ванн уу
Чиний бодлын байшин дахь
Миний нэгэн өрөө
Өөрт чинь бэлдсэн өрөөтэй минь
Өөгүй яг адилхан бол
Өнөөдөртөө багтаад би
Өргөөрүү чинь нүүмээр байна
2010.01.19 Токио Цамхаад Самдангийн Энхбаяр
14 Jan 2010
4 бодол
Санаж байна
Санаж байна
Хүсээд л харьчихгүй алсын орноос
Хүү нь гэрээ санан үгүйлнэ
Адуу тургилах буйдхан хөдөө талд
Аав минь намайг харуулдан суугаа
Эсгий гэртээ дээлийг минь оён
Ээж минь намайг хүлээж суугаа
Хүсээд л харьчихгүй алсын орноос
Хүү нь гэрээ санан үгүйлнэ
Нүцгэн хөлөөр наадан гүйсэн
Газар шороо минь намайг харуулдан байгаа
Нүүдлийн шувуудын зуурдын диваажин
Гайхамшигт нуур минь намайг хүлээж байгаа
Хүсээд л харьчихгүй алсын орноос
Хүү нь Монголоо санан үгүйлнэ
Бүүвэйлж саатуулсан эгч нар минь
Бүлтгэр дүүгээ хүлээж суугаа
Бүтэхгүй жаалуудаас хамгаалдаг ах нар минь
Битүүхэн дүүгээ харуулдан суугаа
Санаад л харьчихгүй тэртээх орноос
Санаа алдан та нарыгаа үгүйлнэ
Бууж өнгөрсөн овоо болгон
Буцаж ирэхийг минь харуулдан байгаа
Ангаагаа тайлдаг ариун булаг минь
Араас минь хараад хүлээж байгаа
Бодоод л оччихгүй холын орноос
Би нутгаа санан гансран сууна
Худал унахад баярладаг зулзаганууд минь
Хоног тоолон ахыгаа харуулдан суугаа
Мөрөөр татдаг хөөрхөн охин дүү минь
Магнайд хүрээд ахыгаа хүлээж суугаа
Алхаад л харьчихгүй алсын орноос
Ах нь дүү нараа санан үгүйлж байна
Хээр талын ариун салхи
Хззээ ирэхийг минь харуулдан байгаа
Хэнэггүй чангаар орилдог уул
Хүн байна уу гэж ахин дэггүйтэхийг минь хүлээж суугаа
Цамхаад Самдан Энхбаяр 2010.01.14 00:00 цаг Токио
Subscribe to:
Posts (Atom)